Урлаг

2017-05-09 12:38

Ням гаригийн орой бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө бөөгнүүлээд буй “Яг түүн шиг” шоуны сонирхолтой оролцогчдын нэг бол яах аргагүй С.Гантогоо билээ. Солонгост үйлдвэрийн хар ажилчнаас авахуулаад урлагийн хүн болтлоо өсөн дэвжсэн эрч хүчтэй энэхүү залуугийн үндсэн мэргэжил нь газарзүйн багш хэдий ч хар багаасаа сонирхсон дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн. Дорноговийн Сулинхээрт төрсөн боловч хоймор сайхан нутаг болох Хөвсгөлд өсөж эрийн цээнд хүрсэн болохоор өөрийгөө Хөвсгөлийнх гэж ярих дуртай бололтой. Түүний хэлэх дуртай үг нь: “Таны хэр удаан амьдрах нь гол биш, хэрхэн амьдрах нь чухал” гэнэ. Өөр бас нэгэн бусдаас ялгарах өвөрмөц зуршил нь хүний худлаа ярьж байгааг мэдрээд байдаг, тэр нь яг таараад байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэр маш их мэдрэмтгий нэгэн бололтой. Ямартай ч, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй энэ цоглог залууд үзэгчид их ам сайтай байгаа. Тэр бол “Яг түүн шиг” шоуны шувтаргад цахиур хагалах оролцогчдын нэг яах аргагүй мөн.