Энтертайнмент

2017-05-09 14:10

“Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа “Х-Түц” продакшины жүжигчин Н.Онон өнөөдөр ийнхүү мэдэгдлээ. “Миний шүүлтэнд юу ч нөлөөлөхгүй. Учир нь, би зөв шүүж байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа” хэмээсэн тэрбээр олны таагүй ярианд огтхон ч эмзэглэсэнгүй. Тус шоуны шүүгчээр ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг “Х-Түц” продакшины жүжигчин Т.Бархүүг илтэд дэмжиж, дугаар бүрт ялагчаар тодруулахыг хичээж байна гэх хардлага хөвөрсөн. Тэр ч байтугай, жүжигчин Т.Бархүүд оногдсон дүрүүд нь ихэвчлэн “Х-Түц” продакшины хошин тоглолтод гарч байсан алдартнууд учраас дахин дуурайхад ядах юмгүй хэмээн үзэгчид бухимдсанаа нуугаагүй. Энэхүү яриаг нь батлах мэт өчигдөр дуучин О.Анхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Яг түүн шиг” шоуны шүүгчдийг зад шүүмжилснээр хэрэгт дуртай зарим хүмүүсийн цайны хачрыг улам бүр “давсалж” орхив бололтой. Жүжигчин Н.Онон ч өөрийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо жүжигчин Т.Бархүүгийн төлөө зориулаагүй гэдгээ мэдэгдэж, олон нийтийн зүгээс ирэх таагүй хандлагад бэлэн байгаагаа харуулав. Оролцогчдын нүүр хувиргалт, жүжиглэлт тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг шүүгч Н.Ононгийн хувьд цаашид энэ байтугай шүүмжлэл сонсч магадгүй нь. Мэдээж хэрэг, жүжигчин Т.Бархүүгийн талд үнэнчээр зогсох эсэх нь түүнээс л хамаарах биз. С.Бамбар

2017-05-09 12:38

Ням гаригийн орой бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө бөөгнүүлээд буй “Яг түүн шиг” шоуны сонирхолтой оролцогчдын нэг бол яах аргагүй С.Гантогоо билээ. Солонгост үйлдвэрийн хар ажилчнаас авахуулаад урлагийн хүн болтлоо өсөн дэвжсэн эрч хүчтэй энэхүү залуугийн үндсэн мэргэжил нь газарзүйн багш хэдий ч хар багаасаа сонирхсон дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн. Дорноговийн Сулинхээрт төрсөн боловч хоймор сайхан нутаг болох Хөвсгөлд өсөж эрийн цээнд хүрсэн болохоор өөрийгөө Хөвсгөлийнх гэж ярих дуртай бололтой. Түүний хэлэх дуртай үг нь: “Таны хэр удаан амьдрах нь гол биш, хэрхэн амьдрах нь чухал” гэнэ. Өөр бас нэгэн бусдаас ялгарах өвөрмөц зуршил нь хүний худлаа ярьж байгааг мэдрээд байдаг, тэр нь яг таараад байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэр маш их мэдрэмтгий нэгэн бололтой. Ямартай ч, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй энэ цоглог залууд үзэгчид их ам сайтай байгаа. Тэр бол “Яг түүн шиг” шоуны шувтаргад цахиур хагалах оролцогчдын нэг яах аргагүй мөн.