Мисс А.Баярцэцэг Стивен Сигалийн шинэ кинонд тоглоно

2016 онд АНУ-д зохиогдсон “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан, ”Торго модель” агентлагийн загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын нэрт жүжигчин Стивен Сигалийн шинэ кинонд тоглохоор болжээ. Тэрээр өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд өмнө нь А.Баярцэцэг “Хубилай хаан” олон ангит кинонд Монгол жанжны хатны дүрийг амжилттай бүтээж байсан ажээ. Түүнчлэн тэрээр мөн “Хотлун гүнж”хэмээх түүхэн кинонд Хайду хааны охин Сарангэрэлт хатны дүрийг бүтээж байсан туршлагатай юм байна. А.Баярцэцэгийг АНУ-д зохиогдсон “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцож байхад нэрт жүжигчин Стивен Сигал болон түүний гэргий Б.Эрдэнэтуяа нар ихээхэн дэмжиж байсан бөгөөд энэ үеэр тэд анд нөхөд болцгоосон ажээ. Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал саяхан А.Баярцэцэгт нэгэн сонирхолтой санал тавьсан нь түүнийг өөрийн удахгүй хийх шинэ кинондоо тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Стивен Сигалийн шинэ киноны нэр нь Attrition гэдэг нэртэй аж. Уг кинонд А.Баярцэцэг хулгайлагдсан Тай бүсгүй Кирагийн дүрд тоглох бөгөөд харин Стивен Сигал өөрөө бүсгүйг хайж байгаа Ахе баатрын дүрийг бүтээх ажээ. Стивен Сигалийн хэлж байгаагаар тэрээр уг киноны зохиолыг олон жилийн өмнө бичсэн гэнэ. Киноны зураг авалт ирэх сард Тайландад эхлэх юм байна.                  

Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх