​Б.Пүрэвдорж: Ховдчууд тэнцвэртэй, хяналттай төрийн төлөө Х.Баттулгад саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Ховд аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгнээс.

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ынхан ямар мөрийн хөтөлбөр амлаж гарч ирснийг санаж байгаа биз ээ. Ард түмэн түүнд нь итгэж, санал өгч олонх болгосон. Гэтэл өнөөдөр амлалтаасаа эрс няцаж, 180 градус эргэсэн үйлдэл хийж эхэллээ. Хүүхэд багачуудаас аваад өндөр настнууд гээд нийгмийн бүхэл анги, давхаргын эсрэг шийдвэр гаргасан. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж заасан гэтэл өнөөдөр дөнгөж 40 хувьд нь олгож байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт байх хамар хашааны яг ижилхэн амьдралтай хоёр айлыг угаалгын машинтай, машингүй хэмээн ялгаварлаж, хүүхдэд нь мөнгийг нь өгөхгүй байна. Угтаа энэ хоёр айл угаалгын машинаас өөр онц гойд ялгаа юу ч байхгүй. Хоёулаа л хайрсан боорцгоо идээд, хар цайгаа уугаад амьдарч байна. Хүүхэд хар багаасаа төр улс минь намайг ялгаварлан гадуурхсан гэх үзлээр хүмүүжиж байна. Энэ ялгаварт байдлыг хазаарлаж чадах хүн бол Баттулга юмаа. 

Хоёрдугаарт, оюутнуудын эсрэг шийдвэр гаргасан. Мөн л оюутны 70 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж ам гарсан, маргааш нь амлалтаасаа няцсан. Сонгуулийн сурталчилгаандаа ашигласан оюутнууд руугаа маргааш нь нулимсан. Долоон төрлийн татвар нэмснээрээ ажил хийж байгаа хүн бүрийн эсрэг шийдвэр гаргалаа. Бүх төрлийн татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар санаачлахгүй гэж амлаж байсан.

Ажил олгогч, бизнес эрхлэгчид, эгэл жирийн ажилчид гээд бүх л хүний халаас руу ичгүүргүйгээр гар дүрлээ. Төсвөө зузаатгахын тулд татвар нэмж, ард иргэдээ дарамталдаг төрийг бид сонгоогүй ээ. Эрх баригчид 13 сайдынхаа 400 гаруй тэрбум төгрөгийг нэмсэн. Бидэнд энэ төрийн зардлыг хянадаг, бизнес эрхлэгч, хувийн аж ахуй нэгжүүддээ санаа тавьдаг Ерөнхийлөгч хэрэгтэй.

Дундаж наслалт 70 ч хүрэхгүй байхад тэтгэврийн насыг 65 болголоо. Гэтэл ахмадуудын гар дээр очдог тэтгэвэр хэд байгаа билээ. 40 гаруй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс дөрөвхөн жил үр өгөөжийг нь хүртэх юм гэж үү. Энэ бүхний эсрэг АН-ын бүлэг хэчнээн тэмцээд хүчрэхгүй байна. 65 кнопны эсрэг есхөн хүн яаж ч чадахгүй байна.

Тиймээс энэ төрийг тэнцвэртэй, хяналттай болгохын тулд бид өнөөдөр нэр дэвшигч Баттулгыг сонгох ёстой. Зургадугаар сарын 26-ны өглөө, хүүхдийн мөнгөө аваагүй эцэг эхчүүд, 70 мянган төгрөгөө хасуулсан оюутнууд, татварын дарамтаас өндийж чадахгүй байгаа бизнес эрхлэгчид, ажилчид, ажил олгогчид, төрийн албаныхан, нийгмийн даатгалын санг ашигтай байлгахын төлөө 65 насандаа тэтгэвэрт гарч байгаа ахмадууд эх оронч Баттулгад саналаа өгнө.

Тэр санал амлалтаа мартдаг ардын намд сануулга өгөх санал байх болно. Тэр санал төрийг тэнцвэртэй, хяналттай байлгахын төлөөх санал байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр санал үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх санал байна гэдэгт итгэж байна. Тэр санал нэр дэвшигч Баттулгын зорьж буй үйлдвэржсэн, эдийн засгийн хувьд тусгаар тогтносон Монголын төлөөх санал байна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штаб

 

Эх сурвалж: www.zuv.mn