С.Ганбаатар: Би Архангайчуудад итгэж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзалт зохион байгуулав. Тэрээр “Олон жил хүний төлөө Монголын баялагийг гадныханд биш ард түмэндээ хүргэе гэж тэмцэж ирлээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэж итгэж зүтгэсэн. Та нар маань тухайн цаг үеүдэд намайг хамгаалж өмгөөлж байсан учраас би өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвших болоод явж байна. Хүн гэдэг хүч тэнцвэргүй энэ тулаанд итгэдэг хүндээ хамаг зүйлээ ярьдаг юм байна. Би Архангайчуудад итгэж байна. 13 жил Оюутолгой, Тавантолгой, Дубайн гэрээний луйвруудын талаар ярилаа. Монгол ядууралгүй баян байгаасай гэж хүсч байна. Ингээд тэмцэж ярихаас цаашгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм. Гэхдээ Мөнх тэнгэр ивээж хамтдаа Монголоо аврах боломж бидэнд ирлээ. Та бүхэн эх орноо аврахад минь туслаарай” гэж байв. Үүний дараа тэрээр Архангай аймгийн захаар явж иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Монголоо аврах төлөвлөгөөгөө танилцуулсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Архангайн сонгогчид дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.


МАХН-ын сонгуулийн штаб

 

Эх сурвалж: www.zuv.mn