Б.Баярдаваа: Гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарсан

       

 Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн  хуралдаанаас бодлогын хүүг хоёр нэгжээр буурууллаа. Улмаар  12 хувь болгох шийдвэр гаргасан аж. Энэхүү асуудлаар Монголбанк сэтггүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Бодлогын хүү буурлаа гэсэн мэдээллийг өгч байна. Гол нөлөөлөх хүчин зүйл нь юу байсан бэ?

 

-Бодлогын хүүг өсгөсөн арга хэмжээ бол богино хугацааных байна. Эдийн засаг тогтворжиж, тодорхой бус байдал буурахаар бодлогын хүүг буцаагаад бууруулна гэдэг амлалт Монголбанкнаас өгсөн. Тухайн үед төсвийн талаас дарамт өндөртэй байгаа, тодорхой бус зүйлүүд их байна гэдгийг хэлж байсан.  Түүнчлэн төсвийн бодлого нь мөнгөний бодлого зөөлрөх орон зайг олгосон. Төсвийн бодлого дунд, урт хугацаандаа өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү төсвийн хуулиуд батлагдсан. Цаашилбал, төлбөрийн тэнцэл буюу гадаад тэнцэл дээр ирж байсан дарамтууд шийдвэрлэгдэж байна. Гуравдугаар сарын хуралдаантай харьцуулахад гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарсан. Зэсийн үнэ 300-500 ам.доллараар өссөн. Худалдааны гол түнш орон болох Хятадын эдийн засгийн өсөлт өндөр төвшинд буюу 6.7 хувиар өссөн. 

 

-Гадаад өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Бодлогын тодорхой бус байдлуудад санаа зовж байна. Гадаад өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг анхаарал татаж байсан. Үүнд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг амжилттайгаар шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулагчид болгоомжилсон байдлаар харж байсан. Чингис бондын гадаад зах зээлд арилжаалсан хүү 20 хувь руу, Хөгжлийн банкны бондын хүү 27, 28 хувь хүрч байсан. Одоо тодорхой бус байдал арилаад ирэхээр гадаад болон дотоод талдаа зах зээл дээр эерэг хүлээлт үүсэж эхэлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.  Дээрээс нь дотоод эдийн засаг дээр байгаа судалгааг харах юм бол бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна. 

 

-Бодлогын хүү буурлаа. Дагаад эдийн засагт эерэг үзүүлэлт гарах уу?

 

-Тиймээ. Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мэдээллийг өгч байгаа гэсэн үг. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна гэсэн үг юм.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх