Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно  

 

Удахгүй болох Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний талаар өнөөдөр Монголын шатрын холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар: Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо “Зүүн азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, манай улс энэ удаагийн эрхийг авч,“Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ийг эх орондоо зохион байгуулахаар боллоо. Манай улсад “Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийтдээ 10 орны 452 тамирчин оролцох бөгөөд үүнд Монгол, Өмнөд Солонгос, БНХАУ, Япон, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Тайвань, Хонгконг зэрэг орнууд оролцоно. Манай улсын хувьд энэ жил шатрын спортоор олон арван амжилт гаргаж, тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж чадсан гэдгийг энд хэлэхэд таатай байна. Румын улсад энэ оны 4-р сарын 21-ээс 5-р сарын 1-ний өдрүүдэд болсон Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс манай өсвөрийн шатарчид 3 алт,3 мөнгө,1 хүрэл,блиц төрөлд 2 алтан медаль хүртэж багаараа аварга болсон сайхан амжилтыг үзүүллээ. Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдыг маань Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн биеэр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн гэдгийг энэ дашрамд хэлье. Мөн уг тэмцээнд оролцоход  санхүүгийн дэмжлэг үзүүлсэн УИХ -дах Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүд, хувь хүн, албан байгууллага, оюуны спортыг дэмжин ажилласан Төрийн банк, МҮОНРТ-ын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ удаагийн манай улсад зохиогдох гэж байгаа “Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн” нь Монгол улсын нэр хүндийг ихээхэн өргөх болно. Мөн нөгөө талаар аливаа олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан гадаадын улс оронд зохиогдоход манай тамирчдын хувьд зардал мөнгө гэж нэг айхавтар асуудалтай тулгардаг. Тэгвэл энэ удаагийн шатрын тэмцээн манай улсад зохиогдож байгаагаараа зардал мөнгө хэмнэхээс гадна гадны улс орнуудад Монгол улсаа сурталчлах сайхан завшаан болж  байгаа юм гэлээ. “Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн “Монгол улсын Ерөнхий сайдын ивээл” дор 6-р сарын 17-аас  26-ний өдрүүдэд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд болох юм байна.    

Ж.Бат 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх