Монголын Үндэсний ардчилсан нам М.Энхболдыг дэмжиж байгаагаа илэрхийлэв      

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Монголын Үндэсний Ардчилсан намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын дарга Б.Цогтгэрэл хэлэхдээ: Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Гэвч сүүлийн үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг харахад үнэхээрийн бохир, хар бараан сурталчилгаанууд давамгайлах боллоо. Энэ тал дээр МҮАН маш их харамсаж байна. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг бүх талаас нь судалж дүгнэж цэгнэсэн. Тэр үүднээсээ тэдгээр нэр дэвшигчдээс бид МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг онцгойлон үзэж, амьдралд арай ойр мөрийн хөтөлбөр болсон гэж үзсэн юм. Бид юуны учир М.Энхболдыг дэмжих болсныг дараах үндэслэл шалтгаанаар тайлбарлая.                               

1. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед улс төрийн тогтвортой байдал онцгой чухал.      

2. Нэг нам хууль тогтоох байгууллагын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй улс төрийн таатай боломжийг богино, дунд хугацаанд хадгалах хэрэгтэй байна. Мөн түүхэн энэ боломжийг ашиглан Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар төр засгийг бүтцийн болон бүрэлдэхүүний хувьд тогтвортойгоор ажиллах, хөгжлийн бодлогын тасралтгүй хэрэгжилт, залгамж чанарыг үргэлжлүүлэн өртөөлдөг эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй юм.   

3. Бид бүтэн жил хөөцөлдөж байж олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж эхлээд байна. Үүнийг дагаад хандивлагчид,хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг зүй тогтолтой. Тэгэхээр хөрөнгө оруулагчид,хандивлагчдын итгэлийг хүлээх замаар хямралт байдлаас гарахад хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах шаардлага байгаа.  

4. Хариуцлага эзэнтэй байх ёстой. Төрийн өндөрлөгүүд намчирхаж ханддаг байдлыг таслан зогсоож, бодлого шийдвэр нэг мөр гардаг байх үүднээс МАН-д эрх мэдлийг бүрэн өгч, үүрэг хариуцлагыг бүрэн үүрүүлэх хэрэгтэй.

5. Нэгдмэл улсын улс төрийн сонгууль нэг буюу нэгдмэл байх хэрэгтэй. Хэн олонхи болсон нь бүх эрх мэдлээ аваад үүргээ гүйцэтгэдэг, хариуцлагаа ч хүлээдэг байх нь чухал юм.

6. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцаан авахад М.Энхболд чухал үүрэг гүйцэтгэж, намаа оройлон шийдвэр гаргасан.                                                                                                                      

7. Түүний уриа “Эвтэй, эетэй нэгдмэл Монголын төлөө” гэсэн байгаа.                                             

8. М.Энхболдыг гүйцэтгэх засаглал,хууль тогтоох байгууллагуудыг тэргүүлж, улс төрийн ууган намыг удирдаж байсан ажлын туршлага,төрийн удирдлагын мэргэшсэн чанар нь Монгол төрийн нэр хүндийг өргөх, үндэсний эв нэгдлийг хангах, шийдвэрлэж чадаагүй олон асуудлын шийдлийг олоход хамгийн тохирох нэр дэвшигч гэж үзэж байна.    

9. Мөрийн хөтөлбөр хэрэгжих бололцоо нөхцөл,УИХ,ЗГ-тай ойлголцоод ажлаа явуулах, эдийн засгийн хямралаас гаргаж чадах боломж М.Энхболдод бусад нэр дэвшигчээс илүүтэй байна гэж манай намын удирдах зөвлөл үзэж байна.  

Ж.Бат