Ардчилсан намын сонгуулийн хөзөр

   Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход тавхан хоног үлдлээ. Харин эдгээр өдрүүдэд сонгуулийн хар пиар дээд цэгтээ тулж, хэн ч үл мэдэгдэх Г.Доржзодов гэгч нэгэн залуу сонгуулийн шоуны гол дүр болон олны анхаарлыг татаж эхлэв. Энэ нөхөр хамгийн анх 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хоорондоо хэрхэн ярилцаж байсан нууц бичлэгийг олон нийтэд тарааж шуугиан дэгдээж байсан байдаг. Уг асуудал тухайн үедээ олныг шуугиулж, АН болон МАХН энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байв. Харин МАН-ынхан тухайн үед уг бичлэгийг хуурамч эвлүүлэг байсан гэж мэдэгдэж байсан юм.

    Саяхан Г.Доржзодов гэгч өнөөх залуу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин гарч ирж,өнөөх бичлэгээ гарган олон түмнийг шуугиулж, Монголын улс төрийг тэр чигт нь талцуулж орхив. Өнөөдөр энэ нөхрийн хийсэн гэх бичлэгээс үүдэн хоёр намын удирдлага бие биенээ хараан суугааг Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Тэгвэл тэрхүү Г.Доржзодов гэгч хэн бэ? Юуны учир энэ хүн гэнэт улс төрд орж ирэх болов? Энэ асуулт өнөө хэр хүлээгдэж байна.  Г.Доржзодов гэгч нь 1983 онд Дархан хотод төрсөн,хойд эцгийн гэрт өссөн нэгэн ажээ.

   Хамгийн сонирхолтой нь энэ хүн өмнө нь Болд гэдэг нэртэй байсан тухай мэдээлэл сүүлийн үед гараад байгаа юм. Учир нь  CEO Nova standart хэмээх компанийн гүйцэтгэх захирал Г.Болд гэх хүний зураг  Г.Доржзодовын царай төрхтэй ихээхэн адилхан   байгаа бөгөөд Г.Болд гэгчийн зураг нь тус компанийн захирлуудын дурсгалын цомогт хадгалагдаж үлдсэн байгаа нь ихээхэн сэжигтэй байгаа ажээ. Г.Доржзодовын талаарх бас нэг сонин мэдээ дуулдах болсон нь тэрээр 1995 онд Дархан-Уул аймагт хэсэг нөхдийн хамтаар дэлгүүр дээрэмдэж,шүүхээс тэнсэн харгалзах ял авч байсан гэнэ. Мөн үүний дараа тэрээр 2015 онд бусдын гар утсыг хүртэл хулгайлж байсан баримт бас байдаг байна. Ямартай ч Г.Доржзодов гэдэг энэ хүн энэ удаагийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг  сайхан улс төрийн шоу хийж,Монголын ард түмнийг хоёр тал болгон талцуулж чадлаа. Түүний Г.Оюунгэрэлийн  гэрийн  цонхоор ярилцлага өгөхдөө хэлж байсан үгэнд сонин үгс их байдаг. 

   Уг бичлэгийг хийхэд өөрөө хамт МАН-ын удирдлагуудтай хамт байлцсан, үүнийг өөрийн биеэр гэрчлэнэ. Бас Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан   гэх мэт. Хэрвээ түүний хэлсэн энэ үг үнэн бол яахаараа МАН-ын удирдлага хаа хамаагүй хүнийг хажуудаа суулган хамгийн нарийн ширийн нууц юмаа ярьдаг байнаа. Үнэхээр итгэмээргүй юм. Одоо болохоор Г.Доржзодов гэгч АН-ын талд орчихсон МАН-ын удирдлагуудын нууц яриа үнэхээр үнэн бодит яриа гээд яриад яваад байдаг.  Сүүлдээ бүр өнөөх дээрмийн хэргээр шийтгүүлж байсан хүн маань гэв гэнэт шударга хүн болж жүжиглээд надад МАН-ынхан 1 сая ам доллар, Австралийн визтэй цуг санал болгосон гэж ярьж байсан шүү дээ.

    Ийм хачин юм гэж байх уу даа. Тэгэхээр  энд нэг таамаглал дэвшүүлж болж байна. Г.Доржзодов өмнө нь  МАН-д хар бор ч юмуу,ямар нэг албан тушаал хашдаг байсан болов уу. Тухайн үед нэг тиймэрхүү яриа болсон байж болно. Тэр өөрөө хэн нэгэнд энэ тухай ярьсан байх. Тэгэнгүүт нь АН-ынхан шүүрч аваад энэ чинь ёстой сайхан сэдэв байна. Үүгээр чинь сонгуулийн гол хөзрөө хийдэг хэргээ гэсэн байж магадгүй юм. Тэгэхдээ мэдээж Г.Доржзодовийн арыг даах бас мөнгө төгрөгийг нь хангалттай өгөх зэргээр харж үзэхээр тохирсон байж болох. Ийм хувилбар байж болно. Бас нэг хувилбар.Г.Доржзодов МАН-д ажиллаж байж. Харин МАН-ынхан Г.Доржзодовт сонгуулийн үеэр амалсан албан тушаал, мөнгө төгрөгөө өгөлгүй мань хүнийг хулхидсан байж болох. Тэгэхээр нь Г.Доржзодовийн гэнэт дургүй нь хүрч тэгвэл та нарын булхайг ард түмэнд илчлэнэ гэж тэд нарыг сүрдүүлсэн байх. Тэгээд АН-ын нөмөр нөөлөгт гүйж очсон болов уу. Яагаад өнөөдөр энэ хүнийг АН-ынхан ингэтлээ их өмөөрөөд улсын баатар цол өгсөн ч багадана гээд байгаа нь маш их сонирхол татаж байна.

   Тэгж их өмөөрөөд хамгаалаад сүйд болоод байгааг бодоход тэдний хүн бололтой. Ямар ч тэнэг хүн, мангар пацаан байсан ийм тоглоомоор хамаагүй тоглодоггүй. Яагаад гэвэл энэ бол хэтэрхий аюултай тоглоом. Магадгүй анхнаасаа Г.Доржзодов АН-ын тагнуул,туршуул,өгөөш,гүйцэтгэх ажил явуулдаг аппаратын ажилтан нь ч байсан байж болох талтай. Хэн мэдлээ. Энэ асуудал сонгуулийн дараа ил болох байх гэж найдая. Мэдээж Г.Доржзодов гэнэт гарч ирсэн шигээ бас гэнэт алга болох л болно. Ямар ч л байсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах хүсэл хэсэг бүлэг хүмүүст маш их байгаа нь тод харагдаж байна. Энэ үүднээсээ Г.Доржзодов бол зүгээр нэг шатрын хүү,түүний  хийж буй үйлдэл нь Ардчилсан намын сонгуулийн томоохон хөзөр байсан гэж харагдахаар байна. 

 

Ж.Батдорж 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх