Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүн улсаа удирдаж чадах уу

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг  яг хэдэн хүүхэдтэй вэ гэдгийг хэвлэл мэдээллийнхэн одоо хэр онож  мэдээгүй явна. Саяхан Эрдэнэт хотод болсон нэр дэвшигчийн ууүзалтанд ирсэн нэг иргэн “Х.Баттулга та хэдэн эхнэр хүүхэдтэй вэ” гэж биччихсэн бариад зогсч байгаа харагдсан.  Ямартай ч тэр үр хүүхдээр өнөр өтгөн нэгэн гэдэг нь тодорхой. Мэдээллийн нэгэн сайт өнгөрсөн өвөл хаврын заагаар Х.Баттулгаас “Та хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юу” хэмээн асуухад “Авлигын асуудлаар 3 жил шалгагдаж байна. Хүү бас цагдаад дуудагдаад явж байна” хэмээн хариулсан байдаг. Харин хүү нь тухайн үед юуны учир цагдаад дуудагдсан нь иргэдийн хувьд бараг тодорхой байсан байх.

Өнгөрөгч өвлийн сүүлчээр  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл" хотхоны 103 дугаар байрны 12 давхраас "Colors" хамтлагийн хөгжимчин 21 настай залуу унаж амь насаа алдсан хэрэг нэгдүгээр сарын 29-нд гарсан. Хэрэг гардаг өдөр "Colors" хамтлагийнхан болон бусад нэр бүхий 21-28 насны 10 залуу, нэг эмэгтэй  тухайн байранд байх УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Хүлүгийн гэрт хамтдаа хоносон аж. Тэр дунд байсан нэг эмэгтэй нь мөн Баттулгын охин Б.Намуун байсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн эдгээр залуус дунд Э.Есүнгэ гэх залуу байсан нь Х.Баттулгын анхны эхнэр Уянгын хүү юм. Тэр 2017 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт "мөс" хэмээх бодис хэрэглэж байгаад баригдсан бол ажлын байран дээрээ "шавар" хэмээн нэрлэдэг нэгэн тарлийн мансууруулах бодис хадгалж байжээ. Харин охин Б.Намуун нь одоо АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдоод буй. Хэргийн газраас гаанс болон мансууруулах төрлийн бодис олдсон  гэдгийг тухайн үед цагдаагийнхан нотолж байсан. Хэдийгээр залуусын хамт байсан айлын гэрээс хар тамхи олдсон ч, түүнийг хэн хэрхэн хэрэглэсэн тухай асуудлыг цагдаагийнхан тодруулахаар  шалгаж байна гэдгээ мэдээлж байв. Нийлж дарвисан залуучууд энэ үеэр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Харамсалтай нэгэн сайхан залуу нас тэнгэрт хальсан эмгэнэлийг араасаа дагуулжээ. Эрдэнэт хүмүүний амийг юутай ч зүйрлэх арга байхгүй. Энэ талаар Х.Баттулга “Миний хүү Хүлүгэ хүн амины хэрэгт холбоогүй юм билээ” хэмээн хэлсэн байдаг.  

Монгол Улс эдүгээ хар тамхи тээвэрлэгч улсаас хэрэглэгч гэсэн ангилалд багтаад буй. Ялангуяа улстөрч, томоохон бизнесменүүдийн хүүхдүүд, урлагийнхан мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудалтай байсхийгээд холбогддог болсон.  Дээрхи явдал ч үүний нэг нотолгоо.  Хар тамхи байгаа газар хар тахал байдаг гэж үг бий. Энэ үнэн.

Эцэг эхийнхээ чихийг халууцуулахгүй амьдрана гэдэг үр хүүхдүүдийн хувьд  том гавьяа. Нөгөө талаасаа хүүхдийнх нь хүмүүжлээр эцэг эхийг нь хэн болохыг тодотгож харж бас болно. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг.

Х.Баттулгын “дээлтэй төрсөн” төрсөн том хүү Б.Жавхлан гэх “сайн эр” бий. Түүнийг  “Женко” группийн өв залгамжлагч хэмээн нэрлэх юм билээ. Б.Жавхлангийн хувьд зодоон цохион хийсэн, жүжигчин Баярмагнайн гарыг хугалсан,  мөн л мансууруулах бодистой нэр нь холбогдож, эцгийнхээ чихийг халууцуулчих гээд байдаг гэмтэй.  

“Таны бүтээн байгуулсан эзэнт гүрнийг ач, зээ нар чинь сүйтгэнэ” хэмээн япончууд ярьдаг юм гэнэ лээ. Харин монголчууд  буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэлцдэг. Аль аль нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай хэлсэн сануулга.

Ямар ч эцэг эх үр хүүхдүүдээ сайн сайхан, нэртэй төртэй амьдраасай гэж хүсдэг, тэднээрээ  бахархаж амьдрахыг хүсдэг. Хэрэв үр хүүхдээрээ бахархаж амьдарч яваа бол та тэднийгээ зөв хүмүүжүүлж чадсаны үр шимээ хүртэж яваа нь тэр билээ.

Эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хүү Э.Эрдэнэ гэж залуу бий. Тэр Монгол Улсаас Оксфордын их сургуульд суралцсан анхны тэтгэлэгт Монгол оюутан болж чадсан. Дараа нь эр цэргийн алба хааж, Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байв. Энэ мэт сайны жишээ олон бий.  

Сүүлийн үед улстөрд орж буй хүмүүс “гэрээ засаад төрөө засах гэж байна” хэмээн тайлбарладаг болсон. Үнэн бол үүн шиг сайн хэрэг юу байхав. Гэрээ засна гэдгийг идэж уух, эдлэх зүүхийн хэмжүүрээр илэрхийлээгүй нь лав байх. Тэр дунд гэр бүлийн дүүрэн жаргал, үр хүүхдийнх нь хүмүүжил төлөвшил, хандлага бүгд багтаж буй цогц ойлголт байх.  Харин харамсалтай нь улстөрч болгон гэрээ засаад төрөө засахаар ирээгүй нь харагддаг. Тийм болхоор л  улстөрчдийн хүүхдүүдийн дунд мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ илүү байна гэдгийг хууль хяналтынхан хэлээд байгаа биз. Үүний нэг жишээ нь Х.Баттулгын хүү Б.Хүлүгийн гэрт болсон явдал байв.  

Энэ хэрэг улстөрч хүний хувьд ёс зүйн айхтар асуудлыг хөндсөн сануулга байсан. Хэрэв та санаж байгаа бол Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан хар тамхи хэрэглэсэн хүүгийнхээ өмнөөс ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж байсан билээ.

Х.Баттулга өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байна. Тэр ард түмнээсээ уучлалт гуйсангүй. Харин ч Монголын төлөө гавьяа байгуулсан мэтээр сурталдаж явна. Эцгийн үүргээ биелүүлээгүй, үр хүүхдээ зөв зам дээр хөтөлж авчирч чадаагүй, өрх гэрээ бүтэн нэртэй гэгээн мөртэй тохинуулж чадаагүй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болно гээд явж байгаа нь шударга ёсны талаасаа аль хэр зохимжтой байдаг юм бол гэсэн эргэлзээг сонгогчдод төрүүлж байна.

Эцэг хүний хувьд үр хүүхэддээ харуулах үлгэр дууриал гэж байх ёстой. Гэтэл тэр өөрөө төрийн өмч хулгайлсан хэргээр сэжигтнээр татагдаж, нэр нүүрээ сэвтүүлчихсэн тууж явна.  

 

Эх сурвалж: www.zaluu.com