С.Ганбаатарын нэрийг татуулахаар МАНАН бүлэглэл үгсчээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн рейтингийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тасархай тэргүүлж байгаа нь сүүлийн үеийн бүх судалгаагаар тогтоогдсон. Иймд МАНАН бүлэглэл үгсэн хуйвалдахаас аргагүй байдалд хүрч С.Ганбаатарын нэрийг татуулах арга сэдэж байгаа гэсэн мэдээлэл одоогоос долоо хоногийн өмнөөс дуулдаж байсан нь өнөөдөр ил боллоо.

Сонгуулийн ерөнхий хороо “Ийгл” телевизээр шууд мэдээлэл хийж “МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Солонгосын түүний шашны төлөөллөөс 50 сая вон хандивт авсаныг шалгуулахаар иргэд гомдол ирүүлсэн. Иргэд хандаад зогсохгүй, солонгос иргэн өөрөө хүсэлтээ бичиж, орчуулгын хамт бидэнд өгсөн” гэж мэдэгдэв. Долоо хоногийн өмнө ийм зүйл хийх гэж байна гэсэн мэдээлэл дуулдаж байсан бол өнөөдөр гэнэт зарласан нь дээрх  мэдээлэл нь  олон хоногийн өмнөөс  зориуд  зохион байгуулсан тавилттай жүжиг  гэдгийг нотолж байна. МАХН болон нэр дэвшигч С.Ганбаатар Монголын улс төрийн тэнгэрээс МАНАН-г арилгаж наран мандуулна гэж ард түмэндээ амласан. МАНАН арилахгүйн тулд сүүлчийн аргаа хэрэглэж  үгсэн хуйвалдах, хар технологийг хамтран боловсруулж МАХН-ын нэр дэвшигчийг замаасаа зайлуулах аргыг ийнхүү хэрэглэж, Сонгуулийн ерөнхий хороог ч түүндээ татан оролцуулж эхэлжээ.

Эх сурвалж: www.zuv.mn