М.Энхболд: Ээжийнхээ төрсөн нутгаас эрч хүч авлаа

Эх орноо нар зөв тойрч, иргэд сонгогчидтойгоо бодлого, хөтөлбөрөө хуваалцсан Миеэгомбын Энхболд өчигдөр Сэлэнгэ аймагт очоод ирлээ. Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх нутаг болсон энэ л газарт 21 аймгийн томилолтоо өндөрлүүлье гэж тэр эртнээс тооцсон бололтой юм билээ. Монголчууд сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг дээ. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэтэрхий их гүтгэлэгт өртөж, хар бараан мэдээллээр даруулсан М.Энхболд тэр илүү “ачаа”-гаа хөнгөлөх гэж энэ нутагт иржээ. Яагаад гэвэл Сэлэнгэ бол ээжийнх нь төрсөн нутаг. Эндээс л тайтгарлыг олно гэж тооцсон нь ч алдаагүй биз. Илүү “ачаа”-гаа хөнгөлж орхиод, иргэдийнхээ захиас даалгаврыг ахиухан шиг “ачаад” буцъя гэж бодсоноо ч М.Энхболд Сэлэнгэ нутгийнханд хэлж байсныг тодотгоё.
 

“Сэлэнгийн долгио” чуулгынхаа байрыг төдийгүй төв талбайгаа дүүртэл цугласан сэлэнгэчүүдэд хандаж “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тэрбээр уулзалтынхаа эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль хуулийн дагуу явагдаж, сурталчилгааны ажил өндөрлөх тал руугаа орж байна. 21 аймгийн отгон аймгаар бодож, өнөөдөр л Та бүхэнтэй ирж уулзаж буйг зарим нь гайхаж магадгүй. Яагаад энэ хүн ардын хувьсгалын өлгий нутагт хамгийн сүүлд ирж байгаа юм бэ гэж бодож байж мэднэ. Тэгвэл би сонгуулийн сурталчилгаагаа нар зөв эх орноо бүтэн тойрч, надад авсан эрч хүч, ээл дулаан гэж байдаг бол энийг нэмэгдүүлье гэж, надад бас энэ сонгуулийн үеэр хар бараан яригдсан, гүтгүүлсэн, доромжлуулсан зүйл байдаг бол Сэлэнгийн ард түмнээрээ тайлуулъя гэж энэ нутагт хамгийн сүүлд ирж байгаа юм. Эхийн цагаан сүү хүн болгоныг тэжээж, өсгөж, торниулдаг. Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний эхлэл бол эхийн цагаан сүү байдаг. Эхийн цагаан сүү муу муухай зүйлийг таслан зогсоож, сайн сайхан болгож чаддаг ийм учиртай. Миний ээж энэ нутгийн төрсөн хүн болохоор би ээжийнхээ төрсөн нутагт хамгийн сүүлд ирж, эрч хүчийг авъя гэж бодсон юм” гэж онцолж байсан. Ээжийнхээ нутагт ирсэн М.Энхболдыг ч Сэлэнгийнхэн итгэж, сонгохоо ч илэрхийлж байв. Сэлэнгэ бол газар тариалангийн өлгий, Монгол Улсын хүн амын хүнсний хэрэгцээний 50 гаруй хувийг дангаар нь хангадаг аймаг. Ийм ч учраас бороо хур бол Сэлэнгийнхний хүүхэд байхын л хүсэл ажээ. Тиймээс ч хэд хоногийн турш төөнөсөн халуун нар түр ч атугай бороо хураар солигдож, ган тайлагдаж буйг Сэлэнгийнхэн ярьж байв.


 

 

“Ямар боловч чийг залгачихлаа” гэх тэдэнд одоо “Хариуцлагагүйн ган хэзээ тайлагдах вэ” гэсэн асуулт үлдээд байгаа аж. Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал хүндэрсэн өнгөрсөн дөрвөн жилийн бодлогын алдааг хэзээ засч, залруулах вэ, хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт тэдний амнаас олонтаа сонсогдож байлаа. Тэгвэл энэ нутгаас УИХ-д сонгогдож, улмаар Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй Ж.Эрдэнэбат тодорхой хэд хэдэн мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Монгол Улсад эв нэгдэл, эв эеийг хичээх асуудал манай сэлэнгэчүүдийн хүсэн хүлээдэг бороо шиг болсон. Үүнийг засч, залруулах гэж Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгууль, шат шатны сонгуулиар МАН-д итгэж саналаа өгсөн. Иймээс ч Засгийн газар бүхий л нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна. Энэ Засгийн газрыг бүх талаар дэмжиж байгаа хүн нь УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүд маань. Ингэж байж жаахан ч гэсэн гэрэл гэгээ харж эхэллээ. Сүүлийн дөрөв, таван жилийн түүхэнд анх удаа Монгол Улсын төсвийн орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарлаа. Өнгөрсөн дөрвөн жилд тэнд ч компани дампуурлаа, энд ч аж ахуйн нэгж ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээллүүд урсдаг байсан бол одоо байдал эргэж, Хөдөлмөр зуучлалын товчооноос 300 ажилчин авах саналыг зарим компани гаргаж эхлээд байна. 2015, 2016 онд “Монгол Улс дампуурахад бэлэн боллоо” гэж ярьж байсан олон улсын үнэлгээ өгдөг байгууллагууд “Монгол Улсын эдийн засаг аажмаар сэргэж, тогтворжиж байна” гэсэн үнэлгээг одоо өгч байна. Энэ бол эдийн засагт тодорхой хэмжээнд гэрэл гэгээ гарч, өсөлт бий болсны илэрхийлэл. Энэ бол Монголын ард түмний МАН-д өгсөн захиас. Бид захиасыг биелүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж, үр дүнгээ ч үзэж эхэллээ. Гэхдээ бас дутуу юм бий. Олон аймгаар явж иргэдтэй уулзахад “Улс орноо өрийн дарамтад оруулж, иргэдийн амьдралыг хүндрүүлсэн хүмүүст хариуцлага тооц гэснээс толгойг нь ил гээгүй” гэх шүүмжлэл гарч байна. Тэр үнээн. Гэхдээ бид хариуцлага тооцож байгаа. Жишээ нь, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг Ерөнхий сайд миний саналаар огцруулсан. Тэр хүн муу ажиллаагүй ч ганц алдаа гаргасан. Салбар дээрээ хяналт тавьж чадаагүйн учраас 39 мянган иргэнд чирэгдэл учирсан. Тиймээс огцруулах асуудлыг тавьсан юм. Энэ мэтээр хариуцлагыг шат шатанд хэрэгжүүлнэ. Монгол түмний төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа хэн бүхэн хариуцлагатай байх ёстой. Ийм хариуцлагыг бол бид тооцож байна. Үүнээс цааш хариуцлага тооцъё гэхээр үндсэндээ эрх мэдэл дутаад байна. 


 

 

Бид Хөгжлийн банкийг, Монголбанкыг шалгаж, олон тооны зөрчил дутагдал байгааг ил болгосон. Гэвч ард түмний хөрөнгөөр тоглосон тэр хүмүүсийг яах вэ. Засгийн газар гэмт хэрэг, зөрчлийг ил гаргадаг болохоос хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллага биш. Иймд Монголын ард түмний хүслийг биелүүлэхийн тулд эрх, үүргийг нь нэг цогц болгож өгөөч. Энэ боломжийг Ерөнхийлөгчийн сонгууль олгоно. Та бүхэн 2016 онд үзүүлсэн их итгэлээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлж, эрх мэдэл, хариуцлага хоёрыг нэг дор төвлөрүүлж өгөөч. Иймийн тулд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байлаа. Үнэхээр ч улсын хөрөнгө шамшигдуулсан хүмүүст хариуцлага тооцъё гэхээр шүүх, хуулийн байгууллага дээр очоод гацсан жишээ цөөнгүй бий. Ерөнхийлөгчийн институцийн шууд томилдог байгууллагууд хууль, хяналтын байгууллагууд ард түмнээ алагчлалгүй шударга, үнэн ажиллах шаардлага байгааг ч Сэлэнгийнхэн ярьж байна лээ. Зөвхөн яриад зогсохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдод саналаа өгч өөрсдөө үлгэрлэнэ гэдгээ ч хэлж байсан юм. Эцэст нь дүгнэхэд хариуцлагын ган тун удахгүй тайлагдах биз ээ.  

 

Эх сурвалж: www.unen.mn