Монгол сонголт-Оюунлаг сонголт

  

Монголчууд хэзээнээсээ нааш эрдэм мэдлэг, оюун ухаан, боловсролыг дээдэлж ирсэн ард түмэн. Тиймдээ ч “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн”, “Хэнд эрдэм буй түүнд тус буй”, “Эрдэмгүй хүний цээж хоосон, эдгүй хүний авдар хоосон”, “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”, “Эд хувцас биеийн чимэг, эрдэм мэдлэг ухааны чимэг” хэмээн үр хүүхдэдээ зааж сургасаар өнөөг хүрчээ. Эрдэм мэдлэг, ном, оюун ухаан, боловсролын талаар цэцэн мэргэн сэтгэгчдийн хэлсэн олон онч үгсийг бид мэднэ.

 

Түүхийн хуудас сөхөхөд монголчуудын бүтээн туурвиж үлдээсэн шастир, ном, сургаал бүтээлүүд өдгөө дэлхий дахинд “сор” хэмээн үнэлэгдэж, монгол хүний оюуны чадавхыг олон улс гайхан шагширч буй. Монгол түмний дундаас ухаантан мэргэд олноороо төрөн гарч, тэдгээрийн уламжлан үлдээсэн бүтээл нь шинжлэх ухаан, түүхэнд “алтан үсэг”-ээр бичигдэж байгааг бид бахархах учиртай. Хамгийн наад захын жишээ дурдахад, манай ард түмэн бичиг үсгийн өнө эртний уламжлалтай, өв их соёлтой билээ. Судлаачдын тогтоосноор монголчууд 14 төрлийн бичиг үсэг зохиож, хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулжээ. Энэ тухайд олж уншина хэмээвээс мэдээллийн технологи хөгжсөн өнөө цагт амаргүй биш ээ. Тиймээс эл сэдвийг орхиод үндсэн санаагаа хөндье.

 

Ийн эрдэм боловсролыг дээдэлдэг ард түмэн атлаа “мэргэжил мэдлэггүй хүн яагаад төр түшилцэж болохгүй гэж” эсвэл “нэр дэвшигчээс диплом шаардах нь шувуунаас нисэх эрхийн үнэмлэх шаардсантай адил” гэх мэт үл ухагдах, утга учиргүй зүйл яримааргүй байна. Учир нь бид айл гэр болж, эсвэл хэн нэгнийг улстөрч болгох гэж тоглоогүй. Улс гэрээ авч явах хүнийг сонгох хариуцлагатай мөчид тулж ирээд байна.

 

Монголчууд бид хэзээнээсээ нааш төрөө дээдэлж, залбирч ирсэн зон олон. Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэлцдэг. Төрийн минь сүлд өршөө хэмээн дээж цацлаа өргөдөг түмэн олон минь эхэнд өгүүлсэнчлэн “цээж хоосон эрдэмгүй хүн”-ийг “Төр түшилц” хэмээн илгээх гэж үү. Монголыг дэлхийд төлөөлөх хүн эрдэм мэдлэгийг биш эд агуурсыг дээдэлчихээд, олон улсын тавцанд хаахалзаж, таахалзаж явах нь монгол сонголт гэж үү?

 

Монгол сонголт хэзээнээсээ нааш оюунлаг сонголт байсаар ирсэн, одоо ч байгаа, цаашид ч байх нь мэдээж.

 

МОНГОЛ СОНГОЛТ-ОЮУНЛАГ СОНГОЛТ

 

Эх сурвалж: www.unen.mn