Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа хуульд заасны дагуу 18 хоног үргэлжилж өнөөдөр дуусгавар болох юм.

Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах ёстой. Энэ дагуу сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын сарын 6-ны өдөр орон даяар эхэлсэн. МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд, АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий аймгийн Чингис хаан хотод, МАХН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар сонгуулийн сурталчилгаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд нээсэн юм.

Харин өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр тохиож байна. Сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өнөөдөр 00.00 цагаас өмнө зогсоох учиртай. Хэрэв энэ цагаас хойш ямар нэгэн хэлбэрээр сурталчилгаа явуулбал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Мөн аливаа этгээд санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглодог юм.

 

Эх сурвалж: www.zuv.mn