Яг түүн шиг шоуны гала тоглолтыг цуцлахыг шаардав

Ардчилсан намаас өчигдөр буюу 23-ны орой “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зохион байгуулахгүй байх арга хэмжээ авчжээ. Учир нь сонгуулийн ирц бүрдүүлэхгүй байх эрсдэл үүснэ гэсэн шалтгаанаар тус шоуг зохион байгуулахыг хойшлуулах шаардлага хүргүүлсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргаас Ардчилсан намд хариу өгсөн байна. Үүнд,

“Ардчилсан намаас 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Албан бичигт дурдсан Горхи-Тэрэлжийн орчимд зохион байгуулах “Яг түүн шиг” шоуны гала тоглолтын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлийн 96.1-д санал авах өдөр соёл, урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2017 оны зургадугар сарын 19-ний өдрийн А/452 дугаар захирамж гаргаж, мөн өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан  тушаалтнуудад даалгасан.

Иймд дээр дурдсан хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацааг хойшлуулах, эсхүл цуцлах шаардлагыг хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: www.zuv.mn