М.Энхболд: Монгол төрийн босго өндөр, нэр цэвэр байх болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж буй Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомын Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаа яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тэрээр 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэд сонгогчидтой 20 хоногийн турш уулзаж “Монгол гэр-Монгол төр” мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулсан юм.

Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагаас өндөрлөх юм. Сонгуулийн сурталчилгааны хаалтад нэр дэвшигч М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураах цаг улам бүр ойртсоор байна. Хариуцлагатай энэ цаг үед Монгол ахан дүүсийнхээ амар мэндийг айлчилж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сонгуулийн сурталчилгааны давчуу хугацаанд миний бие журмын нөхдийн хамт нийслэлийн 21 аймаг, есөн дүүрэгт очиж иргэд сонгогчидтой уулзлаа. Гэрээ барьж, галаа бадраадаг төр ёсны уламжлалаа дээдэлж, “Монгол гэр-Монгол төр” хэмээн томъёолсон мөрийн хөтөлбөрийг маань сайшаан дэмжиж байгааг би харлаа. Иргэд сонгогчид маань “Эвтэй Монгол-Ээлтэй төр”-өө сонгохыг хүсч байгааг би мэдэрлээ. Намайг дэмжиж надад итгэж буй хүн бүрт баярлалаа. Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах болно.

Би ард түмэнтэйээ ойр Ерөнхийлөгч байх болно. Аливаа сайн үйлс сайхан бүхнийг өөгшүүлэн дэмждэг Ерөнхийлөгч байх болно.

Сонгуулийн сурталчилгааны 18 хоног миний хувьд ард олныхоо халуун дулаан сэтгэлийг илүү ихээр мэдэрсэн онцгой өдөр байлаа. Та бүхнийхээ дэмээр урам зориг хүч тэнхэлийг би ард олноосоо сэлбэж чадлаа. Сайны хажууд саар гэгчээр харамсмаар ч юм цөөнгүй гарлаа.

Сонгуулийн технологийн хар технологи хавтгай үерлэхийг ч би харлаа. Өрсөлдөгчөө харлуулах гэсэн зүйл нь нэг хүнийг бус улс үндэстнийг харлуулах аюултай. Энэ муухай бүхнийг бид таягдан хаях ёстой. Дахин ийм сонгууль битгий болоосой гэж би бодож байна.

Монгол төрийн босго өндөр, нэр цэвэр байх болтугай. Нэг иргэнээс эхэлдэг нийт үндэстний минь нэр төр бүтэн байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ сонгуульд монгол аавын гурван хүү өрсөлдлөө. Бид гурвын монголынхоо төлөө цохилох зүрх нэг гэдэгт би итгэж байна. Эвийн жудгаар хамтран зүтгэх өдрүүд би гэдэгт найдъя.

Хэрвээ би Монголын ард түмний олонхийн итгэл найдварыг хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө тусгасан олон зүйлээ хэрэгжүүлэхээ ард түмэндээ андгайлж байна.

Монголын ард түмэн бол хамгийн ухаант мэргэн шүүгч билээ. Улсын эдийн засаг юунаас болж хямарсныг ард түмэн мэдэж байна. Эдийн засгийн хямрал зогссоныг иргэд анзаарч байна.

Энэ төр засгийг дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг болгочихвол эдийн засаг эрүүлжиж хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна, ард түмэн. Эгэл түмнийхээ энэ их итгэлийн хариуд би хямралгүй төр, авлигагүй нийгмийг тохинуулахын төлөө бүхий л бие сэтгэлээрээ хичээн зүтгэхээ амлан тангараглаж байна.

Туурга тусгаар улс орон шилж сонгосон ард түмэн, эрх чөлөө биднийх. Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэлээр монгол хүн бүр бялхмаар дүүрэн байдаг. Хямралаас бид сургамж ухаарал олж авсан.

Энэ итгэлээ нэгтгэн ажиллабал хямралаас гарна гэсэн бүрэн итгэл надад байна. Алдаж болохгүй боломж, алт шиг цаг хугацаа урсан өнгөрсөөр байна. Талцахаа больж, эвээ хичээе ээ, монгол ахан дүүс ээ. Энэ үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулахын төлөө эвлэлдэн нэгдэгтүн гэж би уриалж байна.

Хэрвээ би Монголын ард түмний олонхийн итгэл найдварыг хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө тусгасан олон зүйлээ хэрэгжүүлэхээ ард түмэндээ андгайлж байна.

Ийм итгэлтэй байгаагийн учир нь УИХ, Засгийн газраасаа бүрэн дэмжлэг авах боломж зөвхөн надад байна. Парламент Засгийн газраа бужигнуулахгүй зөв бодлого барих нь миний үүрэг.

Хэрүүлтэй газар жаргал бус жавар тогтдог гэдэг ардын мэргэн үг байдаг. Тиймээс хурсан жаврыг арилгахын төлөө би зүтгэх болно. Би ард түмэнтэйээ ойр Ерөнхийлөгч байх болно. Аливаа сайн үйлс сайхан бүхнийг өөгшүүлэн дэмждэг Ерөнхийлөгч байх болно.

Дэлхий дахинд цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон болжээ гэж Монголоо хүлээн зөвшөөрүүлж, тэдэнтээ нэгдэн алхахыг би хүсч байна. Хэлэх, амлах амархан. Харин хийж бүтээх хэцүү гэдгийг би мэднэ.

Гэхдээ хийж чадна гэсэн итгэл, тэмүүлэл надад байна. Зорилгоос буцах зам 1000 харин түүнд хүрэх зам нэг. Би эвлэлдэн нэгдэх, иргэндээ ээлтэй замаас буцахгүй. Тиймээс эвтэй монгол-ээлтэй төрөө сонгоорой гэж хүсье. Эвтэй монгол хүн та ирээдүйгээ сонгоно гэсэн үг юм. Ээлтэй төрийг сонгох нь авах цалин, тэтгэвэр, хүртэх халамжаа сонгоно гэсэн үг юм шүү.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ бол түүхэн сонголт. Тиймээс эрхэм сонгогч таныг өөрийнхөө гэр бүлээ, эх орноо бодож сонголтоо хийгээрэй. Сонголт тань мэргэн байх болтугай. Эвтэй Монгол ялна. Хөх тэнгэрийн дор Монгол минь мөнх оршиж, хотол түмний минь суу алдар мандан бадрах болтугай” гэлээ. 

Эх сурвалж: www.zuv.mn