“Би ард түмэнтэйгээ ямагт ойр Ерөнхийлөгч байх болно”

Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хэлсэн үгэндээ “Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн олон зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдгээ энэ хүндэт индрээс ард түмэндээ андгайлан амалъя.Ийм итгэлтэй байгаагийн учир нь Улсын Их Хурал, Засгийн газраасаа бүрэн дэмжлэг авах боломж зөвхөн надад байна. Парламент, Засгийн газраа бужигнуулахгүй, зөв бодлого, зүйтэй шийдвэрт нь хориг саад тавихгүй байх нь миний үүрэг гэж би ойлгож байна. Сөрөг хүчин нэрээр, хяналт тавьж байгаа нэрийдлээр хагалан бутаргаж, хэрүүл тэмцэл өдөөдөг байдлыг ард түмэн маань хүсээгүй. Хэрүүлтэй газар жаргал биш, жавар л тогтдог гэсэн ардын мэргэн үг байдаг. Тиймээс хургасан жаврыг үргээж, дулаан зөөлөн уур амьсгалыг нийт нийгэм даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө би зүтгэх болно.Би ард түмэнтэйгээ ямагт ойр Ерөнхийлөгч байх болно. Би аливаа сайн үйлс, сайхан үйл хэрэг, бүтээх эрмэлзэл бүхнийг өөгшүүлэн дэмждэг Ерөнхийлөгч байх болно.



Дэлхий дахинд “Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон болжээ” гэж Монголоо хүлээн зөвшөөрүүлэхийг, тэдэнтэй эрх тэгш нэгдэн алхахыг би хүсэж байна.Хэлэх, амлах амархан. Харин хийж бүтээх хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ хийж чадна гэсэн итгэл, хийх ёстой гэсэн тэмүүлэл надад байна аа. “Зорилгоос буцах зам мянга, харин түүнд хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Би эвлэлдэж нэгдсэн үндэстэн, иргэндээ ээлтэй төрийг цогцлоох замаасаа буцахгүй ээ. Тиймээс “Эвтэй Монгол-Ээлтэй төр”-өө сонгоорой гэж хүсье. Эвтэй Монголыг сонгоно гэдэг нь эрх чөлөөт монгол хүн Та ирээдүйгээ сонгож байна гэсэн үг. Ээлтэй төрийг сонгох нь энэ улсын иргэн Та авах цалин, олох ашиг, хөгжих орчин, нэмэх тэтгэвэр, хүртэх халамжаа сонгоно гэсэн үг юм шүү.Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах төдий үйл явдал биш ээ. Энэ бол Монгол орон зөв замаа олох уу, эс олох уу, монголчууд хөгжлийн ирээдүй рүү нүүх үү, хуучин буурин дээрээ эргэлдсээр байх уу гэдгийг сонгох түүхэн сонголт юм.Тиймээс Эрхэм сонгогч Таныг өөрийнхөө, өрх бүлийнхээ, үр хүүхдийнхээ, эх орныхоо ирээдүйг бодож сонголтоо хийгээрэй гэж хүсье.

Сонголт тань мэргэн байх болтугай.

ЭВТЭЙ МОНГОЛ ЯЛНА АА.

Хөх тэнгэрийн дор Монгол минь мөнх оршиж,

Хотол түмний минь суу алдар бадраг ээ” хэмээсэн юм.

 

Эх сурвалж: www.zuv.mn