2017 онд Монгол улс хэдий хэмжээний зээл авах вэ?

Монгол Улс 2017 онд нэлээд их хэмжээний зээл авах шийдвэрүүдийг гаргаад байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авна. Олон Улсын Валютын Сан ирэх гурван жилд 434.3 сая ам.долларын зээлийг гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд олгоно. Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөртэй уялдаад Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 2017-2020 он хүртэл Түншлэлийн стратеги хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 1.35 тэрбум долларын санхүүжилт олгохоос эхний ээлжид 200 сая ам.долларыг нь батлаад байна. Энэ 200 сая ам.долларыг нийгмийн халамж, банкны салбарт зарцуулна. Дэлхийн банк шийдвэрээ ирэх наймдугаар сард гаргана. Тус банкнаас авах 600 сая ам.долларын зээлийн 440 сая ам.доллараар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлнэ гэж Сангийн яам өмнө нь мэдээлсэн юм. Үүн дээр БНХАУ-ын Ардын банкны 15 тэрбум юанийн своп хэлцэл, БНСУ-ын засгийн газрын 500 сая ам.долларын зээл байна. Харин Японы Засгийн газраас олгох хүлээлттэй байгаа 850 сая ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн тохироогүй, долоодугаар сард багтаан шийдвэрлэнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөртэй холбогдолгүй өөр бусад зээлүүдээс онцолбол БНХАУ-ын Экспорт-Импорт банк нэг тэрбум ам.долларын зээл, Польшийн Засгийн газрын 28 жилийн хугацаатай, 50 сая еврогийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий экспортыг дэмжих зээл байна. Мөн Энэтхэгийн Засгийн газраас 20 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын зээлийг авна. Энэхүү зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм. Эдгээр зээлийн ерөнхий хэлэлцээрүүдийг УИХ-ын чуулганаар батлаад байна.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх