Ардчилсан намаас Хоёрдугаар шатны сонгуулийн товыг урагшлуулахыг хүслээ

Ардчилсан намаас сонгуулийн үйл явцын талаар болон сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтыг шөнийн турш хийсэн ч МАН-аас нэр дэвшигчийн санал илт давуугаар нэмэгдэж, нөгөө хоёр нэр дэвшигчийн санал  удаашралтай өсч байсан нь зориуд зохион байгуулалттай энэ процессыг хийсэн байх гэсэн хардлага байна гэв.  Мөн Сонгуулийн ерөнхий хороог санал хураалтын эцсийн дүн болон МАХН, МАН-ын нэр дэвшигчдийн саналын зөрүүний талаар сонгогчдод үнэн зөв мэдээллийг өгч, эргэлзээг тайлахыг уриалсан юм.

С.Эрдэнэ: Тэгш бус сонгууль болсон

2017 оны МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам өөрийн дэвшигчийг дэвшүүлж оролцлоо. Энэ удаагийн сонгууль амар байсангүй. Үнэхээр олон шалгуур, хүндрэлүүдийг давж ард нь гарлаа. Тэгш бус сонгууль явагдсан гэдгийг онцлон хэлмээр байна. яагаад гэвэл эрх баригчид энэ удаагийн сонгуульд өөрт олгогдсон төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар сонгуулийн үйл явцыг будлиантуулах,  өрсөлдөгч улс төрийн намууддаа дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх, төрийн хүчний цагдаагийн байгууллагыг ашиглаж, өрсөлдөгч намынхаа дотоод үйл ажиллагаа  болон бусад санхүү эдийн засагт хүндрэл учруулах гээд олон үйл явцыг хийлээ. Хамгийн сүүлд сонгуулийн дүн гарах процесст бид шударга болж чадсан гэдэгт эргэлзээтэй байгаа.

Сүүлдээ цөөн тооны сонгуулийн хэсгийн саналыг зориуд, зориуд бус нь мэдэгдэхгүй  байдлаар шөнөжингөө барьж, илт харсаар байтал эрх баригч намаас нэр  дэвшигч хүний саналын тоо маш хурдтай өссөн. Нөгөө хоёр намын нэр дэвшигчийн саналын тоо маш удаашралттай өссөн. Үүнийг зориуд зохион байгуулалттайгаар энэ процессыг хийсэн байх магадлал харагдаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль маш тэгш бус байдалд боллоо. Төрийн албан хаагчдыг их хэмжээгээр дайчлан оролцуулсан. Сонгуульд монгол улсынхаа иргэний хувиар оролцох ёстой байтал эрхэлж байгаа үүрэгт албан тушаалынх нь байдлаар  барьцаалах, дарамтлах хэлбэрээр сонгуульд оролцуулсан нь туйлын харамсалтай байна.

Гар утсаараа санал хуудасныхаа зургийг авч үзүүлэхгүй бол ажилгүй болсон гэж бодоорой гэдэг ч юм уу эсвэл нэг төрийн албан хаагч таваас доошгүй хүнээр санал өгүүлэх үүрэг даалгавар өгсөн гэхчилэн төрийн албан хаагчдад маш их дарамт үзүүлсэн. Мөн сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор маш их мөнгө тараасан, сүлжээ бий болсон. Энэ асуудлуудыг яриад байвал уртаас урт жагсаалт гарна. Энэ асуудлыг зүгээр орхихгүй. Холбогдох хууль хяналт, төрийн байгууллагад нь асуудал тавьсан байгаа.

Энэ дагуу албан ёсны хариуг шаардаж ажиллана. Энэ удаагийн сонгуульд монголчууд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад хамгийн олон санал өгсөн. 1 сая 300  мянга гаруй  орчим иргэнээс 40 орчим хувь буюу 517 орчим мянган иргэн саналаа өгсөн. Тиймээс санал өгсөн сонгогчиддоо та бүхний өгсөн сонголт монгол орны хувь заяаны сонголт байсан шүү. Монголын ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө, тусгаар тогтнолыг сонгосон сонголт байсан шүү гэдгийг хэлээд Ардчилсан намын удирдлагын өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Энэ сонгуульд урлаг соёл, 

Цагдаагийн байгууллага шударга ажллах хэрэгтэй. Монгол улсын тэргүүнээ сонгохын тулд ижил үүрэгтэй ажиллаач ээ. 3 цагийн өмнө намын төв штаб дээр мөрдөн байцаах газрын байцаагч нар ирж байцаалт авах гэлээ. Монголын ард түмэн хэн нь дайраад байгааг ойлгоно. Манайд ирж байгаа захидалд “Х.Баттулга ялж байсан яасан бэ? Санал нэлээн өндөр явж байсан. Үүрээр МАН-аас нэр дэвшигч илүү саналтай болсон. Энэ талаар СЕХ-оо хариу өгөөч ээ.

Монгол төрийг хяналттай, хазаартай, ташууртай болгоё гэж ажиллаж байна” СЕХ-оо цаг тутамд хариу өгөхийг хүсч байна. Сонгуулийн хугацааг нааш нь татах санал тавьж байна. Энэ үеэр наадмаар иргэд хөдөлгөөн ихтэй байгаа. Наадамтай сонгууль болохыг эсэргүүцэж байна. Бид хүлээцтэй төрийн төвшинд тайванд ханддаг. Ажлын өдрүүдэд сонгуулийг бүрэн явуулах боломж бий. Та бүхэнд баярлалаа.

Х.Баттулга: СЕХ эрх баригчдад үйлчилж байна

Баярлалаа мэнд хүргэе. Сонгууль нэлээн хүнд болсон. Бид нар бүгдээрээ харлаа. Гэхдээ ялалт байгуулсан 110 гаруй мянган сонгогчоор илүү байна гэдэг нь давуу ялалт. Энэ ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч 50+1 гэсэн хуулийн битүү хатуу заалтуудыг үндэслэж хоёр дахь шатны сонгуулийг зарлаж байна.  Үндсэндээ гурван нэр дэвшигч байсан. Гурван нэр дэвшигчийн олонх гэдэг бол Ардчилсан намаас нэр дэвшигчид иргэд саналаа өгсөн.  Иргэд юунд саналаа өгсөн бэ гэхээр Монголын төрт ёсны уламжлал, авилгал хээл хахууль дэдэ хэмжээндээ хүрлээ. Баялагийг хулгайлагчид буюу оффшор данс эзэмшдэг улстөрчдийн эсрэг, монголын төрийг үнэгүйдүүлсэн 60 тэрбумын авилгалын эсрэг тэмцэхэд санал өглөө гэж ойлгож байгаа.

Наадам, сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг нь ирц хүргэхгүй гэсэн башир арга. Ирц хүрлээ гэхэд өөрийнхөө хүнийг ямар нэгэн луйвраар наадмыг далимдуулж гаргах гэсэн башир аргууд зэрэг зэрэг явагдаж байна.  СЕХ эрх баригчдад үйлчилж байна. Энэ талаар баримттай дүрс бичлэг цацагдсан. Гурван нэр дэвшигчээс миний бие олонх байсан гэж хэлэхэд таатай байна. Мөн Монголчууд та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Баярлалаа. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 


--Долдугаар сарын 9-н амралт зугаалга, баяр наадам давхцаж байгаа. СЕХ албан бичгийн хариуг хэзээ өгөх вэ. УИХ ирц бүрдүүлэх зохион байгуулалт хийх боломжтой юу?

С.Эрдэнэ: Улсын баяр наадмын эхний үйл ажиллагаа эхлэх, орон нутгийн баяр наадамтай давхцаж байгаа учраас хугацааг нь долдугаар сарын 6-аас өмнө хийх санал тавьж байгаа юм.  УИХ-аас ирц  бүрдүүлэх тал дээр арга хэмжээ аваад ч ирц бүрдэхгүй. Тиймээс ирцийг санаатай бүрдүүлэхгүй байх асуудлыг ярьж байна уу гэсэн эмзэглэл байна. Тиймээс бид СЕХ-г иргэдийн бухимдал хүрэхгүй хэмжээнд яаралтай хариугаа өгөх ёстой гэж бодож байна.

-Дахин санал хураалт болохоос өмнөх хугацаанд МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдах уу?

-С.Эрдэнэ: Ямар нэг намтай улс төрийн хэлэлцээр, санал тавьсан зүйл байхгүй байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна гэдэг зүйл их яригддаг. Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд энэ асуудал ямар байр суурьтай байдаг вэ?

-Х.Баттулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн асуудал яригдаж байна. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдөө ялах юм бол цааш үргэлжлүүлэх, эсвэл эрх мэдлийг хасах зэрэг асуудлыг ярина гэж хэлсэн байсан. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах эрх нь УИХ-д байхгүй. 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх