"Монголын нүүр царайг дэлхийн өмнө гутаасан шившигтэй сонгууль болж өнгөрсөнд харамсч байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүн мэдээ гарсантай холбогдуулж МАХН-ын сонгуулийн төв штабаас Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, дараах мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байгааг хүлээн авна уу.

Монголчууд аа!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гэгч урьдаас дэглэсэн “жүжиг”-ийн тухай мэдээг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан тухай мэдээллийг хүлээн аваад дараах мэдэгдлийг нийт монголчууд, сонгогчиддоо хүргэх нь зүйтэй гэж үзэж байна

Юуны урьд тэмдэглэж хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатарын төлөө саналаа өгсөн нийт сонгогчид Та бүхэндээ  талархаж байгаагаа илэрхийлье.

Та нарын маань өгсөн санал Монгол улсынхаа хөгжил дэвшил, гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрхээрээ өгсөн санал байлаа.

Та бүгдийнхээ саналаас харахад Монголчууд авилгал хээл хахууль, луйвар, олигарх бүлэглэлийн хууль ёс, шударга ёсоо үгүй хийж байгаа бузар булай, луйвар дээрмийн үнэн нүүр царайг илчилж, монголчууд сэрж сэхээрсэн байдлын бодит баримт боллоо.

Та нарын маань өгсөн саналаар манай нэр дэвшигч  бүрэн ялсан.

Гэвч Монгол Улсад бүх шатны, үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо энэ үүргээ умартаж, эрх баригчдын эрх ашигт бүрэн үйлчилж сонгуулийн дүнг илтээр будлиантуулж, МАНАН-гийн нэр дэвшигчдийн авсан саналыг илтэд дээш татсан дүнг гаргалаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны бүрэлдэхүүний дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа гишүүд ч МАНАН-гийн эрх ашигт үйлчилж, илтэд хууль бус шийдвэр гаргахад идэвхитэй ажиллаж байгаа нь СЕХ хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүргэж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зориуд санаатайгаар будлиантуулж хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодорхой улс төрийн хүчин, улстөрчдийн эрх ашигт нийцүүлж, хууль зөрчиж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн явц байдлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байсан. Гэтэл  хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж, Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний  сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсанаар Монголын нүүр царайг дэлхийн өмнө гутаасан шившигтэй  сонгууль болж өнгөрсөнд харамсч байна.

Сонгууль болгоныг өөрт ашигтайгаар зохион байгуулж, ард түмний сонголтыг үл хайхарч, булхай луйварын аргаар эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран тэмцдэг байдал монголын ардчиллыг гутааж байна

Иймд МАХН-ын Сонгуулийн штабаас дараахь шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч. Содномцэрэн сонгуулийн санал хураалтыг хаасан үеийн өгсөн саналын тухай шөнийн 24-00 цагийн үед мэдэгдэхдээ, “2017.6.26-ны орой 10 цагийн байдлаар 1 327 633 хүн санал өгсөн байна” гэж хэлснийг монголчууд бүгдээрээ сонсож харсан.

Гэтэл СЕХ-ноос  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  нэр дэвшигч нарын авсан саналын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ, АН -аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал авсан гэж мэдээлэв. Гэтэл санал авах ажиллагааг хаах үеийн санал өгсөн сонгогчдын тооноос даруй 39267 санал нэмэгдэж саналын зөрүү гарч ирж байгаа нь санал өгөх ажиллагааг хаасны дараа  МАН-АН-ын нэр дэвшигчид ашигтайгаар сонгуулийн дүнг зориуд  будлиантуулсан илэрхий луйврыг харуулсан тоо гэж үзэж байна.

Саналын зөрүүг харуулсан энэ тоо нь  сонгуулийг будлиантуулсны баримт тул Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулах хангалттай үндэслэл гэж үзэж байгаа тул уг сонгуулийн дүнг хүчингүй болгож  дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо нь дахин санал хураалтын хугацааг 7 дугаар сарын 9-ны өдөр гэж товлож яаран сандран мэдэгдэж байгаа боловч энэ нь сонгуулийн луйвраа хурдан түргэн нуух гэсэн арчаагүй алхам гэж үзэхэд хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийн бүхий л луйвар булхайг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалган тогтоож ард түмэн, сонгогчдод мэдэгдэхгүйгээр дахин сонгууль явуулах ёсгүй гэж үзэж байна.

Сонгуулийн луйврыг Улсын баяр наадмаар далимдуулан аргалах, нүд хуурах гэж байгаа бол энэ чинь хоцрогдсон арга бөгөөд хуучин мэх  явуургүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.Ийм луйврын дүр эсгэсэн  сонгуульд очих ард түмэн, сонгогчид ч байхгүй.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг луйврын аргаар авахын тулд,

а/Сонгуулийг хууль зөрчин явуулж, сонгогчдын саналыг санаатайгаар будлиантуулан, зөвхөн өөрсдөдөө тохируулж сонгуулийн дүн гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрсөн илэрхий шинж байсаар байтал ямар ч арга хэмжээ аваагүй

б/ сонгогчдын саналыг худалдаж авахын тулд асар их мөнгийг Улаанбаатар хот, бүх аймгуудад тараасан, мөн Говь-Алтай, Увс, Ховд аймагт тус бүр 1 тэрбум 80 сая төгрөгийг, Дорноговь аймагт 90 сая төгрөгийг тараахыг оролдсоныг батлах илэрхий нотлох баримт байсаар байтал шалгах ямар ч арга хэмжээ аваагүй,

в/ сонгуулийг будлиантуулах, луйвар булхай хийх үйл ажиллагаандаа төрийн байгууллага, тухайлбал, төрийн бүх шатны байгууллага, тухайлбал,  Цагдаагийн болон бүртгэлийн байгууллагуудыг дайчлан ажиллуулж, төрийн албан хаагчдыг айлган сүрдүүлж зөвхөн өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан  

г/ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүйг харуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл  байсаар байтал АН, МАН-ын нэр дэвшигчдэд  ямар ч арга хэмжээ авахгүй байсан атлаа МАХН-аас нэр дэвшигч  Сайнхүүгийн Ганбаатарын нэр төрд халдаж илтэд мөчид баримтад үндэслэн, урьдаас бэлдсэн, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг явуулж, гадаадын иргэнээс мөнгө авсан тухай мэдэгдлийг яаравчлан гаргаж хуулийн байгууллагад шилжүүлсэн, мөн Сонгуулийн санал хураалтын дүнг МАНАН-гийн нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргаж нийтэд мэдэгдсэн удаа дараагийн үйлдлийг гаргасан Сонгуулийн Ерөнхий Хороо нь улстөрчдөд худалдагдсан, тэдний эрх ашигт бүрэн үйлчлэх болсон тул  үйл ажиллагаагаа хуулийн дагуу гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэж түүний бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулж, Сонгуулийн Ерөнхий Хороог татан буулгахыг шаардаж байна.

МАХН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ   

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх