С.Ганбаатар: Энэ хоёрт монголын хувь заяаг даатгаж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болсон ч 50 хувь дээр нэмэх нь нэг санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгууль явагдахаар боллоо. Таны хувьд 409 мянган сонгогчийн санал авч хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зарим хүмүүс “Энэ сонгуульд С.Ганбаатар ялсан” гэж байна. Та өөрөө ямар бодолтой явна вэ?

-Юуны өмнө Монголын ард түмэндээ талархаж байгаа илэрхийлье. Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч чадлаа. Монголын сэтгүүлзүйн салбарынхан бат зогсч чадлаа. Энэ гайхамшигтай зүйл. Ийм өдөр ирэхийг би маш олон жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлээд монголчууд ирээдүйгээ тав, арван төгрөгөөр худалдахгүй гэдгээ харууллаа. Хамгийн гол үр дүн энэ байсан юм. Ойрын өдрүүдэд Нарантуул захаас эхлээд бүх газруудаар явж “Баярлалаа” аянаа эхлүүлнэ. Надад хамгийн эхний хандив өргөсөн Нарантуулд ажилладаг Завханы Ганбаатар гээд амьдай залуутайгаа уулзана. Нарантуул, Хүчит шонхор захаас эхлээд 21 аймагт очиж “Баярлалаа” гэдгээ хэлнэ. Мэтгэлцээний үеэр би “Сонгуулийн үр дүн ямраар ч гарсан бай би тэмцэнэ. Тэмцэж, ярихаас илүү мөрөөдөж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх гэж сонгуульд орсноос биш би зөвхөн ялах гэж ороогүй. Тэмцэж явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж өгөөч” гэдгээ хэлсэн. Энэ утгаараа миний тэмцэл цаашид үргэлжилнэ. Бид аль нэг улс, хэн нэгэн гадаадын компани ирж биднийг аварна гэдэг энэ байдлаа зогсоож өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө атгах ёстой гэдэг утгаар бид ард түмний хандиваар сонгууль хийсэн. Надад хандив өгсөн, санал өгсөн бүх хүний хариуг би тэмцлээрээ хариулах болно.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаагаа хангалттай хийж чадсан уу?

-Манай намынхан маш их ажилласан. Тэдний тэр их хөдөлмөр, зүтгэл дээр энэ кампанит ажил урагшилсан юм. МАХН улс төрийн томоохон хүчин хэдий ч мөнгө гэдэг чухал юм байна. Гэхдээ бид мөнгөгүй сонгууль хийж болдгийг харууллаа. Гэсэн ч зардал мөнгөний асуудлаас болоод бидний сурталчилгааны материал нэлээд хэдэн аймагт очиж чадаагүй нь үнэн. Очиж чадаагүй сум бүр их байгаа. Ийм хүнд байхад Монголын ард түмэн биднийг сонгож байна гэдэг бол монголчууд ирээдүйгээ, үзэл бодлоо үнэлдэг болсон нь харагдаж байна гэсэн үг. Мөнгө санхүү үнэхээр бэрхшээлтэй байсан.

-Таныг энэ удаагийн сонгуулиар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаачихлаа гэх юм...

-Монголын ард түмнийхээ ийм их итгэл, хайр хүндлэлийг авсан хүний хувьд ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргагчдыг шахаж, шаардах болно. Энэ миний ажил. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг нам шийднэ. Би мэдэхгүй.

-409 мянган сонгогчийн санал авна гэдэг тийм ч амар биш. Энэ удаа харин С.Ганбаатар, Н.Энхбаяр нарын хоршил амжилттай боллоо гээд байна л даа. Ингэж олон хүний санал авах болсон гол хүчин зүйл юу байсан бол?

-Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан. Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН-ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм. Хамгийн чухал нь Монголын ард түмэн тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, мандан бадралын төлөө тууштай зүтгэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон нь бидний хамгийн том давуу тал байсан.

-СЕХ санал хураалтын сүүлчийн хэсгийн хороодын саналыг танилцуулах хүртэл та нэр дэвшигчийн хоёрдугаар эгнээнд явж байсан. Зарим хэсгийн хороодоос ирсэн мэдээлэл нэлээд цаг авсан тул эргэлзэх хүмүүс байна. Та сонгуулийг хэр шударга явсан гэж бодож байгаа вэ?

-Судалгаагаар би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амьгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн.

-Ямар илбэ бэ?

-Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ. Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Энэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас ажихад аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй саналын хуудас 18 мянга гаруй гарсан. Энэ нь нэр дэвшигчид хийгээд улс төрийн намуудад итгэх итгэл улам буурсаар байгаа үзүүлэлт мөн үү?

-Нэгдүгээрт, энэ удаагийн сонгууль маш хар сонгууль боллоо гэдгийг хүн бүр ярьж байна. Манай сурталчилгааны баг болон миний амнаас хоёр нэр дэвшигчийнхээ талаар нэг ч удаа сөрөг байр суурь илэрхийлээгүй. Харин яаж Монголоо аврах вэ, ажилгүйдэл яагаад бий болчихов, яагаад бид ядууралтай болчихов гэдэг талаар шүүмжилж ярьдаг. Төр өнөөдөр нүгэлд идээшсэн, хулгайд гаршсан байгаа талаар би ярьдаг. Нэр дэвшигчид рүү огтхон ч дайраагүй. Харин энэ муу муухай бүлэглэлийн төлөөлөл нь энэ хоёр гэдгийг хэлдэг. Үүнээс гарах зам нь нийт хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага нь Засгийн газартай хамтарч гурвалсан байдлаар ажиллах нь миний мөрөөдөл. Зарим зүйл дээр бид тэсэх хэрэгтэй. Заавал цалин нэмэх хэрэггүй байж болно. Үүний оронд нь бид үйлдвэр бариулах ёстой. Ийм зөвшилцлийн механизмтай болох ёстой.

Хоёрдугаарт, хүчирхэг мал аж ахуйг ярьж байна. Гуравдугаарт, уул уурхайн гэрээнүүдийг эргэж харах ёстой. Энэ бурхны зарлиг биш шүү дээ. Манайд ашиггүй зүйлийг бид хэлэх хэрэгтэй. Ийм арга замуудыг л ярьж байгаа. 18 мянган иргэн гурван нэр дэвшигчийн хэнд ч саналаа өгөхгүй байна гэдэг чинь бие биенээ хараар будсантай холбоотой. Монголын ард түмний төлөө юу хийх вэ гээд ярих боломжгүй болтлоо хараар будалцлаа. Мөрийн хөтөлбөрөө яриагүй байж үндэс угсаа, авгай хүүхэн, төмөр замын мөнгө, төрийн албан тушаалыг наймаалцсан талаар ярьсаар байгаад дууссан. Бид сонгуулийн технологи, арга ажиллагаагаа эргэж харах ёстой. Монголын ард түмнийг хүндлэх ёстой шүү.

Би яаж хурдан гүйж ард түмэнд үйлчлэх вэ гэдгээ ярихаас биш яаж би сайн дэгээддэг вэ гэдэгтээ анхаарч болохгүй. Энэ хоёр нам, хоёр нэр дэвшигч бие биенээ аймшигтай дэгээдсэн.

-Санал хураалтын дүнг танилцуулж дуусах үед танд ямар бодол төрж байсан бэ. Хоёрдугаарт эрэмбэлэгдээд хойшоо ухрах мэдээж хэцүү л байсан байх. СЕХ хоёр дахь санал хураалтад орох хоёр нэр дэвшигчийн нэрийг зарласан. Дараа нь та хэвлэлийн хурал хийсэн. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч нам гүм болсныг бодоход Сонгуулийн үр дүнтэй эвлэрсэн гэж ойлгох уу?

-МАХН-ын төв штаб дээр ярилцаж байгаа. Өмнө нь иргэний нийгмийн байгууллагад байхдаа, бие даагч байхдаа өөрөө асуудлаа шийдээд зүтгэчихдэг байлаа. Одоо бол Монголын үндэсний хэмжээний томоохон намын гишүүн, зүтгэлтэн хүний хувьд намынхантайгаа ярилцаж, даацтай тэмцэл хийнэ. Тэмцэлийн төлөвлөгөөнүүд гарч байна. Манай намынхан хурц, ширүүн тэмцэл хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан.

Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид өөрийн эрхгүй нүд харанхуйлсан. Надад итгэж хандив өгсөн хүмүүсийн нүд харагдаж байсан. Надад итгэж санал өгсөн хүмүүсийн итгэл бодогдож байсан. Ухуулагч нар маань цалин хөлсгүй, цаг наргүй зүтгэсэн. Энэ хүмүүсийн хөдөлмөр бодогдсон. Энэ гэхдээ миний анхны тэмцэл биш. Ялж, ялагдаж байсан хүний хувьд биеэ барина, сэтгэлээ барина шүү дээ. Хамгийн гол нь Монголын ард түмэн сэрсэн байна, хүчирхэг болсон байна. Мөнгөөр худалдахааргүй үнэт зүйл, язгуур эрх ашигтай болжээ, манай ард түмэн.

-Сонгуульд нэр дэвшсэнээс хойш тань нэлээд дайралтууд ирсэн гэж дуулсан. Ялангуяа танай гэрт ирсэн илгээмж дотор гурван ширхэг бууны сум байсан гэж дуулдах юм. Үнэн үү?

-Үнэн. Хань ижил, үр хүүхдийг минь айлгаж бууны сум илгээхэд хэнд ч таатай санагдахгүй. Би эхнэртээ, үр хүүхдэдээ хайртай. Монголын ард түмний том эрх ашиг байхад би бууж өгч, айна гэж байхгүй. Үүнээс хүнд хэцүү дарамт шахалтыг нь би туулаад ирсэн. Намайг зоригтой, дайчин гэдгийг мэднэ. Түмэн олны минь итгэл, өндөр төрийн түшиг тулгуурын ивээл нь надад байгаа. Тиймээс улам хүчтэй Монголын ард түмнийхээ төлөө тэмцэнэ. Үр дүн гаргана.

-Хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?

-Гэргий маань энэ бүхнийг тодорхой болгож өгөөч гэж хууль хяналтын байгууллагад хандсан байна лээ. Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа. Авч ирсэн хүнийг нь бариад өгчихөөд байхад одоо болтол таг л байна. 60 тэрбум, төмөр замын сая саяар тоологдох ам.долларын асуудал жил дамнаад явчих юм. Зарим зүйл дээр шуурхай, зарим зүйл дээр удаан юм аа, зайлуул.

-Таныг 50 сая вон авсан л гээд байх юм. Та гүтгэлэг гээд л байх юм. Энэ талаар ярихгүй юу?

-Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн. Орчуулагч нь мөн байсан. Миний найз надад мөнгө өгөх гэж орж ирсэн. Бичлэг дээрээс яриаг нь сонсоод найзыг маань таниад араас нь нэлээд зовоож байгаа юм билээ. Тиймээс нэрийг нь хэлж болохгүй. Миний найз хэзээ ч тийм зүйл хийхгүй. Тэр буруугүй гэдэгт итгэдэг. Найз маань өөрөө урхи занганд орсон яваагаа мэдэхгүй шүү дээ, хөөрхий. Би Монголын ард түмэн, анд нөхдөөсөө хандив гуйдаг. Харин хэзээ ч гадаад хүнээс, авлигач, оффшорчдоос мөнгө аваагүй. Бүх зүйл хууль номын дагуу явж байгаа. Бодоод үз дээ. Манай том том улстөрчид хэзээ ч хандив гуйдаггүй. Тэд дээрэмддэг, булаадаг, зөвшөөрөлгүй авдаг. Би гуйдаг. Би гуйхаасаа ичдэггүй. Энэ нь ядарсан хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлахаас хамаагүй дээр. Би гуйсан болохоор Монголын ард түмэн надад хандив өгсөн. Ард түмнээ би эзэн гэж боддог. Тэд Монголын ард түмнийг боол, өөрсдийгөө эзэн гэж үздэг. Энэ хоёр ялгаатай. Гуйж авсан зүйл аминд өлзийтэй. Сонгуулийн сурталчилгааны хоногуудын 50 хувийг би хүмүүсээс мөнгө гуйхад зарцуулсан. Монголын улс төрд хамгийн зөв соёлыг тогтоосон гэж өөрийгөө бодож байгаа. Улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд гуйлгачид байх ёстой. Саналын гуйлгачин бай. Итгэлийн гуйлгачин бай. Хандивын гуйлгачин бай. Харин дээрэмчин байж болохгүй. Үүнийг би чин сэтгэлээсээ хэлж байна. Улс төрд би шинэ соёлыг түгээж байгаа. Ард түмэн миний эзэн. Би мэдлээсээ гуйхдаа ичихгүй. Тэднийхээ итгэлийг олж авахын тулд олон жил зүтгэж байна. Маш их хар пиар, гүтгэлэг, доромжлол дундуур олон жил явж ирсэн.

-Гэхдээ таны багын найз таныг хорлох гээд Солонгос хүнтэй хамт ирж л байдаг. Тэр Солонгос нь танд 50 сая вон өгье гэсэн юм уу. Тэр бичлэгийг харж байхад танд хандив өгье. Бид том хамгаалалттай болчихно гэж байсан. Та болохоор бидэнд санхүү хүнд байна гээд сүүлд нь “Баярлалаа. Долоон сард дахин уулзана шүү” гээд байсан л даа...

-Тэр найз маань хэзээ ч тийм зүйл хийхгүй. Найз маань удам судар сайтай, Монголын урдаа барьдаг сэхээтний хүүхэд. Намайг хорлох гэж ирээгүй гэдэгт би баталгаатай итгэж байгаа. Хэрэв хүмүүсийн бодож байгаа шиг тааруу зүйл хийсэн бол би биш тэнгэр ниргэнэ. Гэхдээ тийм зүйл хийх хүн биш. Тэр үед би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Бүх зүйл хяналтад байсан юм. Орой үдэш ч гэсэн найзыгаа дэмжье гээд ирсэн найзыгаа оруулаад нөгөө хэдийг нь гадаа байж бай гэж яаж хэлэх юм бэ. Хэдийгээр би хонзонгоор дүүрсэн улс төрд зүтгэж байгаа ч гэсэн монгол хүн байна даа яаж “Та нарыг гэртээ оруулахгүй ээ” гэх юм. Тэртээ тэргүй тэр найзынхаа төлөө одоо ч би зүтгэнэ шүү дээ. Бид уулзана, би чадах чинээгээрээ тусална. Хаана ч байдаг зүйл. Тэр гадаад хүмүүс, орчуулагч гээд байгаа хүн миний найзыг бас л хуурсан байх.

-Таныг Ерөнхийлөгч болбол маш том хамгаалалт бий болно гээд байсан. Яг юуны хамгаалалтыг тэр солонгос хүн хүссэн юм бэ?

-Сүүлд нь үг нэмсэн байна лээ. Надтай тийм зүйл яриагүй. Тэр гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна. Надтай бол тийм зүйл яриагүй. Нөгөө хүн нь СЕХ-нд очоод “Би буруу зүйл хийчихлээ. Намайг шийтгэж өгөөчээ” гээд мэдэгдэл хийсэн гээд байгаа шүү дээ.

-Танд мөнгө өгсөн. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн байна лээ. Тэгэхээр та яалт ч үгүй авчихсан юм биш үү. Хэрэв худлаа юм бол таныг гүтгэчихлээ. Та хариу арга хэмжээ авах уу?

-Би өмгөөлөгч авсан. Одоо завтай болсон болохоор тухтай нэр төрөө сэргээлгэхээр явна. Тэр хүмүүс манай найзыг хуурсан. Сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролдсон ч тэд чадаагүй. Үнэн гэж байдаг. Тэдний гүтгэлэг явуулга явцгүй ээ. Би хийх зүйлээ л ярина. Найз нөхөд, ард түмнээсээ хандив гуйснаа би байнга хэлж байгаа. Гадаад хүнээс мөнгө авсан гэдэг нь цэвэр явуулга. Бодоод үз. Би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Найз маань хүмүүстэй орж ирсэн. Би зөвхөн найзтайгаа л харьцсан. Тэр бичлэг дээр янз бүрийн зүйл нэмсэн байх магадлалтай. Би өөрөө тэр үед ямар бичлэг хийсэн биш. Үүнийг таслан зогсооно.

-Санал хураалтын өмнө мэтгэлцээн болсон. Харамсалтай нь иргэдийн хүлээсэн хэмжээнд хүрээгүй гэдгийг ярьж байна. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчид үр дүнгээ өгсөн үү?

-Ард түмний дүгнэлтийг хүндэтгэнэ. Би өөрийнхөөрөө, үнэнээрээ байсан. Ирээдүйд юу хийх вэ гэдгээ ойлгуулахыг хичээсэн. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчдэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нөгөө хоёр маань хар юмаа л яриад байсан. Би зөвхөн хийх зүйлээ л яриад байсан. Энэ бүхэн ялгаатай юм шүү дээ.

-Х.Баттулга нэр дэвшигч 517 мянга, М.Энхболд 411 мянган хүний санал авсан. Танд саналаа өгсөн 409 мянган хүний санал хоёр нэр дэвшигчийн аль руу нь хэвийх бол. МАХН бол МАН-тай угшил нэг болохоор тийшээ дийлэнх нь эргэнэ гэж байгаа бол тэр санал МАХН-д биш С.Ганбаатарт өгсөн санал болохоор Х.Баттулга руу эргэнэ гээд байна л даа?

-Ард түмнийхээ саналыг хүндэтгэнэ. Ямагт ард түмний зөв байдаг. Гэхдээ энэ хоёр нэр дэвшигч хоёулаа МАНАН. Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй гэдэг байр сууриндаа одоо ч хатуу байна. МАН, АН уу, АН, МАН уу ямар ч ялгаа байхгүй. Би хувь хүн рүү хэзээ ч ярьдаггүй. Энэ хоёр бүлэглэл бол Монгол орныг сүйрүүлж, өрөнд оруулж, тусгаар тогтнолыг алдагдуулж, Монголын язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж байгаа. МАНАН-гийн бүлэглэл аймшигтай луйварчдын цуглуулга болсон. Би МАНАН-гийн эсрэг ард түмнээ аврахын тулд тууштай тэмцэнэ.

-Таны авсан 409 мянган хүний санал гэдэг бол маш өндөр хувийг эзэлж байна. Тэр утгаараа С.Ганбаатар аль нэг нэр дэвшигчийг дэмжих болов уу гэж харж байгаа нь нууц биш. Таньтай тохироо хийе гэсэн АН, МАН-ынхан ярьж байна уу?

-Шууд хэлчихье. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Намайг УИХ-ын гишүүн байхад МАНАН-гийнхан тохирох оролдлогууд хийж байсан. Манайд ор, сайд бол гээд. МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэдэг үгэндээ одоо ч эзэн байгаа. Ард түмний төлөө зүтгэж яваа хүн хэр их хайр итгэлийг өөр хүнд зөөх нь сүнсээ худалдахаас өөрцгүй. Би МҮЭ-ийн холбооны дарга байхад аль нэг намын харьяалалгүй байх ёстой байсан. Дараа нь шинэ нам байгуулах гэж зүтгэсэн. Маш хүнд байдалд орсон. МАНАН-гийнхан дотор нь тагнуулчдаа оруулсан. Дараа нь би МАХН-ын гишүүн болсон. Одоо би намдаа л зүтгэнэ. Тэгэхээр МАНАН-гийнхантай ямар нэгэн яриа байхгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд буруу зөрүү тохироо юу ч байхгүй шүү гэдгийг шууд хэлье.

-Сонгуулиас хойш танд тохиролцох санал тавьсан уу?

-Тавьсан.

-Хоёр нам хоёулаа тавьсан уу?

-Энэ тухай ярих нь ёс зүйгүй асуудал. Тэртээ тэргүй би өөрийн байр сууриа хэлчихлээ.

-Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон хүн О.Баасанхүү гишүүн. Таныг дэмжих боломжгүй гэж байр сууриа илэрхийлж байсан. Хэр холбоотой байгаа вэ?

-О.Баасанхүү гишүүн маань сайхан сэтгэлтэй, сайн залуу. Намайг дэмжээд сурталчилгаа, ухуулга хийж явсан байж таараа. Сонгуулийн сурталчилгааны үед хүнтэй олигтой ч мэндлэх завгүй байлаа. Энэ үеэр намайг дэмжиж сурталчилгаа хийсэн гэдэгт итгэлтэй байгаа.

-Таны амьгүй албат гэсэнчлэн 30 гаруй мянган хүний саналын зөрүү гарсан. Үүнийг шалгуулах уу?

-Шалгуулна. СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой.

Ард түмэн намайг дэмжихээр хар масс гэж нэрлэх юм. Өөрсдийг нь дэмжсэн болоод, хахууль өгөөд сонголтыг нь худалдаж авч байгаагаа ард түмэн гэх юм. Монголын ард түмнийг минь битгий их басамжлаарай, МАНАН-гийнхаан. Ард түмэн байж гэмээнэ сайд дарга нар байгаа. МАНАН байгаа. Ард түмэн бүлэглэлүүдээс төрөөгүй.

-Сонгуулийн үр дүнг харахад гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байнаа. Та хэлсэнчлэн МАНАН-д итгэх итгэл суларч. Улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай байх, тийм үү?

-Нурах байшин дотроосоо гэгчээр Ардчилсан нам, Ардын нам нурж байна. МАНАН үндсэндээ сүйрч байна. Тиймээс МАХН өөрсдийн хариуцлагыг өндөржүүлж, боловсон хүчнээ бэхжүүлж, бодлогоо баталгаажуулан түмнийхээ төлөө зүтгэх цаг болсон. Би улс төрийн гуравдагч хүчин биш нэгдэх хүчин болсон.

-МАХН нэр дэвшигчээсээ 10 тэрбум төгрөг авна гэж О.Баасанхүү гишүүн хэлж байсан. Та 10 тэрбум төгрөг өгсөн юм уу?

-Олон гүтгэлэг дундуур явсаан. Хуурай гүжирт хариугүй гэгчээр хариулахад хүнд. Намаас дээд хязгаар нь 10 тэрбум шүү гэдгийг надад мэдэгдэх ёстой. Нөгөө нэр дэвшигчдэд “Намд ямар ч мөнгө байхгүй. Хандиваа өөрсдөө цуглуулаарай. Хуулиараа 10 тэрбум төгрөгөөс дээш цуглуулж болохгүй шүү” гэж мэдэгдсэн. Гэтэл 10 тэрбумыг олж ирэхгүй бол дэвшүүлэхгүй гэсэн шүү гээд зарим нэг хүн мушгиад байгаа юм. Монголд хэн ч 10 тэрбумыг босгохгүй шүү дээ.

Ярилцлагынхаа төгсгөлд надад итгэл хүлээлгэж ялалт байгуулуулсан Дархан-Уул, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Орхон, Хэнтий аймаг, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг бүх монголчууддаа гүн талархал илэрхийлье. Мөнгө гэдэг ойр зуурын бэрхшээлээ гэтэлгэж Монголын ирээдүйн төлөө хатуу зогсч чадлаа. Монголын улс төрд оруулж буй том хөрөнгө оруулалт байлаа. Бид ялсан.

Эх сурвалж: Өдрийн сонин, ярилцсан сэтгүүлч Э.Энхболд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх