Д.Гэрэл : Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулхыг шаардаж байна  

 

 

         Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116-р тусгай сургуулийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл хэлэхдээ:  бидний өнөөдөр та бүхэнд хандаж мэдээлэл хийх болсны гол учир нь хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудалд хайхрамжгүй хандаж байгаа явдалд эгдүүцэж,  Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулхийг шаардаж , төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж байгаа юм гэлээ. Тэрээр: манай холбооноос өмнө нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн үйл ажиллагаа маш тааруу, өнөөдрийг хүртэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, тэдэнд хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх болон харааны бэрхшээлтэй багш ажиллагсад ,хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа хүсэлт тавьж байсан билээ. Харамсалтай нь бидний тавьсан энэ хүсэлтийг тус яамны сайд Ж.Батсуурь хайхарч үзэлгүй өнөөг хүрлээ. Тийм болохоор манай хараагүйчүүдийн үндэсний холбооноос төрийн гурван өндөрлөгт дараах шаардлагыг тавьж байна. Үүнд : 1.Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоон басамжлан дорд үзэж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, 2.Бага  дунд боловсролын тухай хуулийн 13.3-т “тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна” гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийг БСШУС-ын яамны харьяанд шилжүүлэх, 3.Харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшхэд нэн тэргүүнд шаардлагатай сургалтын орчин , тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдхүүний хүртээмжийг сайжруулхад анхаарч дорвитой арга хэмжээ авах, 4. Асуудлаа мэддэггүй, хараагүй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй , чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн өнөөгийн удирдлагыг өөрчлөх зэрэг асуудлуудыг тавьж байна. Бидний тавьж буй дээрх асуудлуудыг 2017 оны 4-р сарын 21-ний өдрийн 12 цагаас өмнө шийдвэрлэж хариу өгөөгүй тохиолдолд харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ирээдүйн сайн сайхан , тэдэнд сурч боловсрох хүртээмжтэй чанартай орчинг бүрдүүлхийн төлөө бид тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан тууштай тэмцэх болно.Энэхүү үйл ажиллагаанаас үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо хүлээхгүй бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газар хариуцах болно гэдгийг хариуцлагатайгаар   мэдэгдэж  байна гэлээ. Д.Гэрэл цааш нь хэлэхдээ : хараагүй хүнд боловсрол олгох явдал   хамгийн чухал байдаг. Харамсалтай нь энэ асуудлыг хариуцдаг 116-р сургууль дээр чанартай боловсрол эзэмшүүлэх явдал маш дутмаг байна. Бид өмнө нь энэ асуудлыг холбогдох яам тамгын газар, байгууллагуудад удаа дараа тавьж байсан. Даан ч тоож үзэлгүй өнөөг хүрлээ. Хамгийн сүүлд  Ж.Батсуурь сайдад өнгөрсөн оны 12-р сард албан бичиг илгээсэн ч ямар ч хариу өгөөгүй. Саяхан долоо хоногийн өмнө нөгөө бичгээ дахиад явуулсан. Бас л хариу өгсөнгүй. Байдал ийм байгаа учраас БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлагыг тавьж байна гэлээ.       

    

Ж.Батдорж