Наадмын комисс хуралдлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах төсвийн танилцуулга, Үндэсний сурын харваачдад улсын цол олгохоор өргөн мэдүүлэх тухай, төрийн хүндэтгэлийн концерт, үүрэг чиглэл өгөх  гэсэн дарааллаар явагдсан юм.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Дээрх төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Үндэсний сурын цолны болзол хангасан Дархан мэргэн цолоор 6 хүн, Даяар дуурсах мэргэн цолоор 2 хүн, Даян мэргэн цолоор 8 хүн, Гарамгай харваач цолоор 23 нэр бүхий хүмүүсийг цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Харин Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болов. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах комиссын гишүүдэд хандаж салбар хороодын дарга нар хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, Аж ахуйн чиглэлийн ажлыг газар дээр нь очиж танилцаж, бэлтгэл хангуулахыг үүрэг болголоо гэж Шадар сайдын ажлын  албанаас мэдээллээ. 

 

Эх сурвалж: zasag.mn