Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 16 жилийн дараа О.Дашбалбар агснаас уучлал гуйлаа

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөтлөгч П.Анужинтай хийсэн "Цензургүй яриа" нэвтрүүлгийнхээ үеэр 16 жилийн өмнө О.Дашбалбар агсныг хүчингийн хэрэг үйлдэх шахсан талаарх мэдээллийг бичиж байсан тухайгаагаа хөндсөн.

Тэр нэвтрүүлгийнхээ үеэр "О.Дашбалбар агсанд хүчиндүүлэх шахсан хүн нь би биш. Бичсэн сэтгүүлч нь байгаа юм" гэж мэдэгдэн, үхсэн хүний ясыг өндөлзүүлдэггүй гэдэг монгол заншлыг бодож өнгөрсөн жилүүдэд чимээгүй явж ирсэн хэмээсэн юм.

Энэхүү ярилцлагын дараахан О.Дашбалбар агсны охин Индра Л.Мөнхбаясгаланд хандан цахим хуудаснаа ширүүхэн мэдэгдэл хийж, түүнийг аавыг нь гүтгэсэн хэмээгээд, ааваас нь уучлал гуйх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл Д.Индра өнөөдөр Л.Мөнхбаясгалан ааваас болон гэр бүлээс нь албан ёсоор уучлал гуйсан хэмээв. 

Тэр энэ тухай "Арван зургаан жилийн дараа сэтгүүлч Л. Мөнбаясгалан албан ёсоор гэр бүл, тэнгэрт байгаа ааваас минь уучлалт гуйлаа! Чин сэтгэлээсээ уучлалт гуйна гэдэг ухаан буй за... Хүн хүнээ уучлах, ухаарах нь монгол ёс тул хүнд өвчтэй байгаа сэтгүүлч Л. Мөнхбаясгаланд хатуу үгээр хариу өгөх сэтгэл байсангүй. Олон жилийн түүхтэй энэ хар дурсамжаас олон сэтгүүлч ухаарал, үлгэр дууриалал авч бичиж буй мэдээндээ хариуцлагатай хандаж олон нийтдээ шудрага үнэн мэдээг хүргэх болтугай. Уучлал зүрхэн дэх шархыг эдгээдэг" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх