ОЙН АЖ АХУЙН СУРГАЛТЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

 

Монгол орны нийт газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас энэ багахан нөөц жилээс жилд багасч байна. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон хууль бус мод огтлолтоос шалтгаалан 1.2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэх статистик бий. Хэдийгээр Улсын хэмжээнд 1600 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг боловч 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байсан юм. Зөвхөн энэ онд л гэхэд манай оронд нүүрлээд буй ойн  түймрийн гамшгийн улмаас байдаль орчинд үлэмж хэмжээний хохироод байгаа. Түймэрт шатсан ойг нөхөн сэргээхэд нөр их хөдөлмөр, мэргэжлийн үйл ажиллагаа шаардагдана. Ойн сургалтын төвийн суралцагчид энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой байдаг. 

 

Тэгвэл Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын нийгмийн халамжийн Кэй Ти энд Жи байгууллага,  “Ногоон Ази сүлжээ” ОУ-ын ТББ-тай  байгуулсан Санамж бичгийн хүрээнд “Ойн аж ахуйн сургалтын төв” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ажил болох Ойн аж ахуйн сургалтын төвийн барилгын ажлын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун,  KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү-Ён, Ногоон Ази Сүлжээ ОУ-ын ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чул, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг тэргүүтэй зочид оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Ногоон Ази сүлжээ”, “КэйТи энд Жи” тэргүүтэй байгууллагуудад талархал илэрхийлээд, хэлсэн үгэндээ “Энэхүү төв ашиглалтад орсноор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон Хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлогод тусгаад буй чухал зорилт болох хот суурины ногоон байгууламжийн эзлэх хувийг  2030 он гэхэд 30 хувьд хүргэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Тогтвортой хөгжлийн энэхүү зорилт нь нэг талаас дэлхий нийтэд тавигдаж буй зорилгыг манай улсаас дэмжин ажиллаж буй нэг хэлбэр, нөгөө талаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ойн салбарын үүргийг тодорхой болгосон хэрэг юм. Хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай  Улаанбаатар хотод дөнгөж 3.2 ам метр буюу дэлхийн дунджаас даруй 7.5 дахин бага байгаа нь дээрх зорилтод хүрэхэд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэйг харуулж байна”хэмээлээ.

 

“Ойн аж ахуйн сургалтын төв” төсөл нь 15 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монголорны ойн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын байр болон дадлагын талбай байгуулж, ойжуулалтын болон газар тариалангийн мэргэжлийн сургалт явуулахын хамт амжиргааны төвшин доогуур иргэдийг хамруулан тэднийг чадавхижуулж эдийн засгийн бие даах чадварыг нь дэмжих зорилготой юм. Улмаар энэхүү төслөөр дамжуулан Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн шинэ сургалтын төвд хичээлийн анги танхим, хоолны газраас гадна хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудад дотуур байрны зориулалтаар ашиглах өрөө тасалгаануудыг ч иж бүрнээр нь тохижуулж өгчээ.Төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн хүрээнд бий болсон сургалт, дадлагын байр зэрэг барилга байгууламжуудыг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ажээ.

 

Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа Олон улсын ТББ болох “Ногоон Ази Сүлжээ” байгууллага нь НҮБ-ын Байгаль орчны сан(GEF), Эдийн засаг, Нийгмийн зөвлөл (ECOSOC)-д албан ёсны бүртгэлтэй нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага бөгөөд 2014 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хорооноос жил бүр хөрс, шороо, газар нутгаа сайтар хайрлан арчилж хамгаалдаг үлгэр жишээ байгуулллагад гардуулдаг “Амьдралын хөрс” шагналыг хүртсэн.“Ногоон ази Сүлжээ” ТББ нь 15 жилийн турш Монголд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр БОАЖЯ-тай хамтран ажиллаж 5 газар цөлжилтийн эсрэг ойжуулалт хийх, ойн зурвас байгуулах ажлаар бүс нутгийн хөгжил, ард иргэдийн оролцоог дээшлүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж иржээ.

эх сурвалж: БОАЖЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх