Монгол залуус мэдээллийн технологийн дэвшилт дээр тулгуурлан эх орноо сурталчилна

Мэдээллийн технологийн салбарын залуус Монголынхоо тухай мэдээллийг тэр тусмаа гадаадын жуулчдад хэрэгтэй мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж мэдээллийн технологийн орчин үеийн бүтээгдэхүүн гаргахаар нэгджээ. Гадаадад болон Монголд байгаа мэдээллийн технологийн салбарын  шилдэг залуус мэргэжлийнхээ чадвар туршлагыг эх орныхоо хөгжилд бодитоор нэмэрлэхээр нэгдэж буй томоохон арга хэмжээ болохнээ. Монголын Мэдээллийн технологийн салбарын зургаан компанийн төлөөллөөс бүрдсэн  Мэдээллийн Технологи Хөгжлийн Гарц ТББ-ын гишүүд Монголын тухай мэдээллийг, эхний ээлжинд жуулчдад нэн шаардлагатай байгаа мэдээллийг эмхлэн боловсруулахаар нэгджээ.

Үүний тулд тэд олон улсад Хакатон нэрээр танил болсон залуус баг болон хоорондоо өрсөлддөг тэмцээний хэлбэрийг сонгон авчээ. “Hack UB” нэртэй энэ тэмцээнд 5-7 хүнээс бүрдсэн нийт 10 баг тус бүрдээ дээрх зорилгыг мэдээллийн технологийн вэбсайт аппликэшн зэрэг бүтээгдэхүүн болгож хоорондоо өрсөлдөх юм байна. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт Amazon.com-д ажилладаг Монгол залуу А.Лувсаншарав, АйБиЭм компанид программ хангамжийн инеженерээр ажилладаг Б.Нара,  Фэйсбүүк компанид програм хангамжийн инженерээр ажилладаг Э.Хонгор зэрэг олон улсад мэргэжлийн туршлагаараа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн 10 монгол залуу Хакатон ЮБ тэмцээнд оролцох баг тус бүрт техникийн зөвлөгөө өгч, менторийн үүрэг гүйцэтгэхнээ.

Энэ нь дэлхийн томоохон компаниудад ажиллаж стандарт, технологийн трендүүдийг ойлгосон Монгол залуус  сурсан мэдсэнээ эх орондоо байгаа залуустаа түгээх чухал боломж юм. Харин багуудын бүтээгдэхүүнийг шүүх шүүгчид нь АНУ-ын Цахиурын Хөндийн технологийн компаниудад 10 гаруй жил ажилласан Сан Франциско хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа М.Сувдмаа, Apple компанид ю-экс дизайнераар ажилладаг Б.Тэргэл, Монголд IT-н салбарт ажилладаг Английн иргэн Ихаб нар шүүхнээ.

Энэ нь бүхэлдээ Монголынхоо тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх сайн дурын, ашгийн бус ажил болж мэдээллийн технологийн салбарын монгол; болон гадаадад байдаг залуус нэгдсэн томоохон арга хэмжээ болох юм.

Гадаадад байгаа зарим менторууд онлайн хэлбэрээр багийнхантайгаа харьцаж зөвлөх юм байна. HACK UB тэмцээн наймдугаар сарын нэгний өдрөөс долооны өдрийн хооронд таван өдөр зохиогдож ялагч нэг багаа тодруулж урамшуулах юм байна. Тэмцээн англи хэл дээр явагдаж, бүтээгдэхүүн англи хэл дээр гарах шалгууртай. Шагналын сан 10,000 америк.доллар.  Тэмцээний үр дүнд гадаадын yelp.com, airbnb.com, uber.com зэрэгтэй дүйцэхүйц мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай авч болох IT-ийн бүтээгдэхүүнүүд гарна гэж зохион байгуулагчид хүлээж байна. Хэрвээ та HACK UB тэмцээнийг зохион байгуулагчидтай холбогдохыг хүсвэл:

https://www.facebook.com/hackub/?ref=br_rs

https://docs.google.com/document/d/1TqPhgsstZkewJKJDBo-qftXjjfN8wl94lTGq89X46o4/edit

Мөн 97070767 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх