УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Эко партнерс” компанийн захирал Жеон Чун Сикийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь өчигдөр (2017.07.26) БНСУ-ын “Эко партнерс” компанийн захирал Жеон Чун Сик тэргүүтэй тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Жеон Чун Сикийг Монгол Улсад тавтай морилохыг хүссэн юм. Тэрбээр “Шинээр бүрдсэн парламент нэг жил болж байна. Энэ хугацаанд бид нөхөрсөг, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хичээн ажиллалаа. Улс төрийн харилцаанаас гадна бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах нь чухал. Мөн иргэд хоорондын хамтын түншлэл нэмэгдсэнээр хоёр орны харилцаа улам батжих суурь тавигдана” гэлээ.

“Эко партнерс” компанийн захирал Жеон Чун Сик УИХ-ын гишүүн Н.Оюундарийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулгыг хийсэн юм.

Жеон Чун Сик хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар манай компани Азийн хэд хэдэн оронд салбараа байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд байгальд ээлтэй шинэ эрчим хүчний технологийг гаргасан. Уг шинэ технологийг ашигласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад орон нутагт өвлийн хүлэмж барих боломжийг бий болгох учраас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгах гэсэн юм” хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй шинэ технологи ашиглахыг эрмэлзэх болсон. Энэ хүрээнд Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах, жилийн дөрвөн улирлын турш ажиллах боломжтой хүлэмжийг нэвтрүүлэх гэж байгаад баяртай байна гэлээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх