Б.Дашпүрэв: Мэдээллийн урсгалыг нээлттэй байлгахыг зорьж байна

Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.

-Ашигт малтмал, газрын тосны салбар нь бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Шинэ Засгийн газар байгуулагдсанаар дээрх агентлагуудыг нэгтгэсэн. Харин энэ том айлын гал тогоог удирдах албыг хашиж байгаа хүний хувьд ямар зарчмаар ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Тус тусдаа хуулийн зохицуулалттай, хоёр том салбар гэдэг нь үнэн. Ялангуяа ашигт малтмалын салбар нь ард түмний мэддэг нэлээдгүй томоохон ажлуудыг хийж ирсэн түүхтэй. Харин газрын тосны салбар нь хайгуулын олборлолтын чиглэлийн ажил нь идэвхжин бодлогоор зохицуулагдан явж байсан юм. Шинэ Засгийн газрын шийдвэрээр хоёр агентлагийг нэгтгэх шийдвэр гаргасан. Одоогоор ажил жигдэрсэн. Ер нь салбарын хувьд мэргэжлийн удирдлагатай учраас энэ хоёр салбар нэгдсэнээр төдийлөн цалгардал, үл ойлголцол үүсэхгүй. Хамгийн гол нь холбогдох хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Ингэснээр нэг сувгаар гарч байгаа үр дүнгийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод үйлчилгээг хүргэх учиртай юм. Сүүлийн үед төрийн алба нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байгаа. Манай салбарын хувьд ч мөн ялгаагүй ийм байдал үүсдэг. Тиймээс шинэ удирдлага, багийн хувьд мэдээллийн урсгалыг нээлттэй хүргэснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байх болно. Энэ нь ажлын үр дүн, явцад эерэг нөлөө үзүүлэх учраас бид үүнийг анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, зарим мэдээллийг онлайн хэлбэрээр авдаг болохоос гадна иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авснаар цаг хугацааг хэмнэх боломжтой юм.

-Уялдаа холбоог сайжруулах тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Учир нь төрийн байгууллагууд хоорондоо огт холбогдохгүй байгааг олон нийт шүүмжилдэг. Яагаад гэвэл, энэ байдлаас гарах эрсдэл, сөрөг үр дагаварын талаар олон жишээ дурдаж болох юм. Тэгэхээр уялдаатай ажиллахын тулд юунаас эхлэх вэ?

-Уялдаа холбоог сайжруулахын тулд бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой. Ямар хэлтэс, нэгжүүд нэгдэх вэ, бодлого нь юунд төвлөрч байгаагаас хамааран харилцан мэдээлэл солилцдог байх ёстой. Жишээлбэл, ашигт малтмалтай холбоотой шийдвэр гаргахдаа газрын тосны газартай холбогдох эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүний дараа мэдээллээ нэгтгэснээр бодит үр дүн гарах юм. Учир нь энэ хоёр салбар зарим талаараа зайлшгүй мэдээлэл солилцон, нэгтгэх шаардлага гардаг. Магадгүй өмнө нь газрын тос болон ашигт малтмалын газар тусдаа удирдлагатай байх хугацаандаа мэдээллийг солилцоогүйгээс давхардуулах тохиолдол гаргаж байсныг үгүйсгэхгүй. Харин одоогийн байдлаар ийм байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь уялдаагүй байдал хүнээс шууд хамааралтай. Энгийнээр хэлбэл, гэр бүлийн хоёр нэг зүйлийг өөр өөрийнхөөрөө бодож байгаагаа хэн нэгэнд хэлэх нь үл ойлголцлыг үүсгэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг нь бүтэх юм шиг, нөгөөх нь бүтэхгүй мэтээр тайлбарлах нь цаад талдаа шийдвэр гаргахад хүнд байдал үүсгэхээс гадна итгэл, үнэмшил төрүүлэхгүй. Мэдээж төрийн алба хашиж байгаа учраас ямар мэдээллийг нэгтгэж хэлэх вэ, юуг нь хэлэхгүй өнгөрөөх вэ гэдэг сонголт зайлшгүй тулгардаг. Төрийн ажил нь нэг байр суурьтай, нэгдмэл эрх ашгийн дор явах учраас тухайн харилцан хамааралтай албан тушаал хашиж байгаа хүмүүс нь мэдээллээ нээлттэйгээр солилцох хэрэгтэй юм. Ингэснээр тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах вэ гэх мэт асуудлыг шийдсэнээр төрийн үйлчилгээ түргэн шуурхай, бодитой болж ирнэ.

УДИРДАГЧ МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЬ ЧУХАЛ

-Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь төрийн албаны томилгоо. Мэргэжлийн бус Засгийн газар гэдэг нэрийг хүртэл зүүгээд амжсан шүү дээ. Таны хувьд энэ салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд энэ салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уух хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ер нь ажил гүйцэтгэгч нь зайлшгүй мэргэжлийн байх шаардлагатай. Харин удирдлагын багт мэргэжлийн байх шаардлага зайлшгүй бий. Учир нь тухайн салбарын бүхий л асуудлыг онолын болоод дадлага, туршлага талаас нь сайтар ойлгох хэрэгтэй. Түүнчлэн удирдагч нь сайн менежер байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн онолын мэдлэгээр байгууллагыг удирдана гэж байдаггүй. Хамгийн гол нь бие хүний хувьд төлөвшсөн, манлайлах ур чадвартай шилдэг удирдагч байх хэрэгтэй юм. Мөн асуудлыг түргэн шуурхай боловсруулдаг байх нь чухал.

-Уул уурхайн салбарт 14 жил ажилласан туршлагатай юм байна. Ямар, ямар салбарт ажиллаж байв?

-Замын-Үүд дэх “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ын барилгыг барьж байх үеэс төслийн багт нь орж ажилласан. Энэ хугацаанд оператор, инженер, ерөнхий инженер, байгууламжийн дарга хийж байлаа. Сүүлд тус байгууламжийг төрийн өмчит үйлдвэрийн газар болоход нь захирлаар томилогдон ажилласан юм. Тиймээс энэ салбарт тулгамдсан асуудал болон хууль тогтоомж зэргийг нэлээдгүй судалсан. Мөн шинээр бий болж буй нөхцөл байдлыг ч халуун тогоонд нь байсан хүний хувьд тодорхой хэмжээгээр гадарлана гэж боддог.

САЙН МЕНЕЖМЕНТ

-Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ-ыг удирдаж байсан хүний хувьд нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Магадгүй эмзэглэх байх, уучлаарай. Учир нь ТӨҮГ нь хэзээ ч ашигтай ажилладаггүй, алдагдал хүлээдэг гэлцдэг. Үүний шалтгаан нь хэрээс хэтэрсэн шахааны бизнесээс үүдэлтэй ч гэлцдэг. Таны хувьд байгууллагаа хэрхэн удирддаг байсан бэ?

-Миний хувьд ажиллах хугацаандаа мэргэжлийн инженерүүдтэй уулзан санал бодлоо солилцож ирсэн. Мэдээж байгууллага толгойлоод явж байгаа хүний хувьд ачаа үүрэх нь тодорхой байсан учраас боловсон хүчнийг хэрхэн чадавхжуулах вэ. Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн тулд ямар арга замыг эрэлхийлж болох вэ гэх мэтчилэн олон зүйлийг эргэцүүлэн тунгаадаг байсан. Тухайлбал, байгууламжаа өргөтгөх нь зүйтэй гэдэг байр сууриас хандаж ирсэн бөгөөд үүнд нэн тэргүүнд боловсон хүчний дэмжлэг хэрэгтэй байлаа. Тиймээс мэргэжилтнүүдийг хэрхэн чадавхжуулах вэ гэдэгт анхаарч ирсэн. Мөн байгууллагынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь зайлшгүй тулгарсан асуудлын нэг байсан юм. Өөрөөр хэлбэл, үүний үр дүнд ашигтай ажиллаж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Үүний тулд дан ганц удирдлага шийдээд бүтэх ажил биш. Энэ бүхэн хамт олны дэмжлэг, нөмөр нөөлөг байсан юм шүү дээ. Аливаа зүйлийг бүтээхийн тулд баг хамт олны хүчин чармайлт маш чухал гэдгийг онцолж хэлмээр байна.

Мэдээж зарим нэг зүйлд төр хэт оролцон үнэ, тарифийг хэт бууруулах зарчим баримталснаар алдагдал хүлээх тохиолдол бий. Менежер хүн сэтгэлтэй, сайн ажиллаж байгаагаас бүхий л зүйл хамаарна. Түүнээс бүхий л алдаа, дутагдлыг “Төр муу менежер” хэмээн чихээд байх нь зохимжгүй. Тиймээс ТӨҮГ-ыг ашиггүй ажилладаг гэдэгтэй би санал нийлдэггүй. Замын-Үүд дэх “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ ашигтай ажиллан өргөтгөл, шинэтгэлийн ажлаа хийгээд явж байгаа.

-Энэ байгууламжийг байгуулснаар улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж нь стратегийн ач холбогдолтой учраас 2004 онд анх байгуулж байсан түүхтэй. Сүүлд 2009 оны Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болж өөрчлөн байгуулагдсан. Ингэснээр биеэ даасан статустай болж санхүүгийн асуудлаа шийдвэрлэн, ашигтай ажиллах зорилготой болсон юм. Үүнээс гадна тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй найдвартай хангах зорилго бас бий. Мөн үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч анхны хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлэн улсын нийт хэрэглээний 40 хүртэлх хувийг хангах хэмжээнд хүргэсэн. Мэдээж үүнд  мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг туслалцаа их бий.  Байгууламжийг өргөтгөснөөр манай улсад шатахуун импортлох гарц нэмэгдсэн нь хойд хөрштэй гэрээ хэлэлцээр хийхэд чухал хувь нэмрээ оруулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, дан ганц хойд хөршөөс биш урд хилээр дамжуулан бусад орноос импортлох боломж бүрдсэн гэж болно. Ялангуяа 2014 онд Монгол Улсын газрын тосны импортын бүтээгдэхүүний 25 хувийг энэ байгууламжаар дамжуулан Хятад, Солонгос, Малайз, Сингапур улсаас оруулж ирсэн байдаг. Үүнийг ашигт малтмалын салбартай уялдуулвал, томоохон төсөл болох Оюутолгой, Тавантолгойд ажиллах техник тоног төхөөрөмжийн хэрэглээний стандарт хангасан шатахуунаар хангах боломжтой болж байгаа юм. Цаашилбал нисэх онгоцны шатахууныг Замын-Үүд дэх байгууламжаар дамжуулан оруулж ирэх боломжийг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ бүхэн дам нөлөөлөөрөө олон эерэг үр дүнг авчрах юм шүү дээ.

-Таны ажлын хэтийн төлөвлөгөө?

-Манай салбар улсын эдийн засагт өндөр нөлөө үзүүлдэг. Манай улсад хөрөнгө оруулалт хийгдээд уул уурхайн олборлолт, ашиглалтаас Монгол Улсад орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Цаашид салбарыг нийгэмд зөв таниулах, хориг, саад болж буй ташаа ойлголтыг арилгах, ард түмэнд энэ салбарын үйл ажиллагааг зөвөөр таниулахын төлөө хичээж ажиллахыг зорьж байна. Ашигт малтмал, газрын тосны газар ард түмэнд нээлттэй, ил тод, үйлчилгээг түргэн шуурхай хүргэдэг системийг бий болгохын төлөө хичээж ажиллана.

эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх