Дэлхийн хамгийн баян хүнээр “Amazon” компанийн захирал Жефф Безос тодорчээ

“Amazon” компанийн эзэн Жефф Безос пүрэв гарагт дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Тэрбээр Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад Microsoft компанийн эзэн Билл Гейтсийг гүйцэж түрүүлжээ.

“Amazon”-ын хувьцаа 2,3 хувиар өссөнөөр Ж.Безосын хөрөнгө чинээ 2 тэрбум доллароор нэмэгджээ. Ингэснээр “Amazon”-ыг үндэслэгчийн актив хөрөнгийн үнэ цэнэ Б.Гейтсийн хөрөнгөнөөс 1,4 тэрбум доллароор давсан байна. Үүнийг бодит цаг хугацааны горимд байнга шинэчлэгдэж байдаг Forbes онлайн чансаа харуулж байгаа юм.

Б.Гейтс хамгийн сүүлд дээрх жагсаалтын тэргүүн байраа нэг жилийн өмнө алдаж байсан юм. Тэр үед Zara худалдааны сүлжээний эзэн Амансио Ортега хоёр өдөр дараалан жагсаалтыг тэргүүлж байжээ.

“Amazon” нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг юм. Тус компани АНУ, Европын орнууд, Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Япон болон бусад орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“Хэрвээ Б.Гейтс буяны үйл ажиллагаанд их хэмжээний мөнгө хандивлаагүй байсан бол Ж.Безос дэлхийн хамгийн баян хүн гэсэн "цол хэргэм"-д хэзээ ч ойртож чадахгүй байх байсан” хэмээн Форбес сэтгүүл онцлон дурджээ.

2010 онд Б.Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг болох хөрөнгө оруулагч Уоррен Баффетын хамтаар хөрөнгөнийхөө тэн хагасыг буяны үйл ажиллагаанд хандивлах уриа бүхий “Giving Pledge” кампанит ажлыг санаачлан эхлүүлж байсан юм.

2016 оны эцсийн байдлаар Б.Гейтс буяны үйл ажиллагаанд 31 гаруй тэрбум доллар хандивлаад байгаа аж. Харин Ж.Безос 2015 оны эцэс гэхэд 100 сая орчим доллар хандивлажээ. 

эх сурвалж: www.zuv.mn
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх