ЖҮДОЧИД ХОЁР АЛТ, НЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Макаод IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгох өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж байгаа бөгөөд эхний өдөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэв. Өнөөдөр тэмцээний залуучуудын ангилалд 57 кг-д "Женко" клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг, 52 кг-д Архангай аймгийн тамирчин Баатарын Мөнхжаргал нар хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл удирдаж байна.

Эхний өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын жүдо академийн тамирчин спортын мастер Лхагвасүрэнгийн Сосорбарам алтан медаль хүртсэн юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хонгконгт чансаа олгох тэмцээнд түрүүлсэн юм. Түүнтэй аваргын төлөө нутаг нэгт "Женко" клубийн тамирчин Цэвээндоржийн Адъяасүрэн хүч үзэж, мөнгөн медаль хүртснээр Хонгконгийн олон улсын тэмцээний медалиа ихэрлүүллээ. Харин 57 кг-ын жинд "Боржин төв" дэвжээний тамирчин Отгоны Энхжин алтан медаль хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Хонгконгт хүрэл медаль хүртээд байсан.

эх сурвалж : www.bolod.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх