Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үл тоож, шахааны бизнесийн зарчмаар явж байгаа Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд өгнө

Өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс Тендер зарлахгүйгээр өндөр үнэтэй шахааны бизнес хийж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардсан хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хурлыг нээж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн тэргүүн үг хэлэв.

‘’Аливаа улс орны бүтээн байгууллага нэгдүгээрт цахилгаан, хоёрдугаарт төмөрлөг байдаг. Харин манай улсын хувьд гадаад улсууд уруу хямд үнээр түүхий эдээ гаргаад буцаагаад өндөр үнээр авдаг.
Аж үйлдвэр хөгжүүлэхэд үндсэн түшиц үйлдвэр байх ёстой. Энэ нь манай улсын хувьд төмөрлөгийн үйлдвэр, машины үйлдвэр юм. Эдгээр үйлдвэрийг дагаад бусад үйлдвэрлэлүүд хөгжинө.
Монголчууд сүүлийн 20 жил үндэсний үйлдвэрээ устган, ор тас мартсан. Үндэсний үйлдвэрийг хөгжүүлж байж ажлын байр бий болгоно.
Гэтэл машины үйлдвэрлэлийг төр засаг дэмжихгүй байна.
Эрдэнэт үйлдвэр манай зөвлөлтэй холбогдож зөв буруугаа тунгааж, мэтгэлцээнд орохгүй бол бид эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай нарийвчлан  тулж ярилцах болно. Бид шат дараатай тэмцэнэ гэдгээ мэдэгдэе.’’ гэсэн юм.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн Цэцэгмаа :

‘’ Эрдэнэт үйлдвэр дотоодын авто угсралтын үйлдвэрүүдийн чанар стандарт шаардлага хангасан стандарт тохирлыг гэрчилгээтэй НӨАТ-ын татвараа оруулаад 85-96 мянган доллароор санаа болгосон автобустай ижил техникийн үзүүлэлттэй солонгос автобусуудыг 149 мянган доллароор худалдан авах үйл ажиллагааг хийлээ. Үүнд үйлдвэрлэгчид бид харамсаж байна. Энэ худалдан авах үйл ажиллагааг оны төсөвт 154.000 доллароор тусгаад жаахан бууруулаад худалдан авалт хийдэг юм байна. Энэ худалдан авалт эхнээсээ төсөвт урьдчилан төлөвлөсөн худалдан авалт юм байна.

Томоохон үндэсний үйлдвэрүүдийг нухчин дарах, монгол хүмүүсийг ажлын байргүй байлгах, технологижихгүй, хөгжихгүй, дорой буурай байлгах, түүхий эдийг бэлнээр нь хямдхан авч байх гэсэн гадаад дотоодын хүмүүсийн нийлсэн бодлогын хэрэгжилт нь энэхүү үйл ажиллагаар илэрч байна.

Бидний 2006 оноос хойш байгуулсан тролейбусны үйлдвэрийг ийм аргаар нухчин дарсан. Өнөөдөр ард иргэдэд үйлчилж байгаа бидний үйлдвэрлэсэн  евро  4  стандартын хөдөлгүүртэй эко автобусуудтай адил үзүүлэлттэй, стандартын шаардлагад нийцэх автобус монголд нэг ч байхгүй.

Энэ автобусыг үйлдвэрлэсэн үйлдвэрийг цааш нь хөгжүүлэхгүй байхын тулд албаар гацааж, өртөг өндөртэй худалдан авалт хийж, гадны үйлдвэрүүдийг дэмжиж байна.

Улаанбаатарт явж байгаа 1 солонгос автобусны ялгаруулж байгаа утаа 6-8 ширхэг Монгол Эко автобусны ялгаруулж буй утаатай тэнцүү байдаг. Эрдэнэт үйлдвэр Монголын мэргэжлийн инженерүүд хамтран Улаанбаатрын утааг бууруулах гэж тэмцэн зохион бүтээсэн энэхүү автобусыг  худалдан авахаас татгалзаж байгаад бид их харамсаж мөн гайхаж байна.

Улаанбаатар хот хэзээ утаанаасаа салах юм бэ. Хамгийн их, хортой утааг энгийн дизель хөдөлгүүртэй том автобус ялгаруулдаг. Эко автобус  хөө тортог ялгаруулдаггүй. Дээрээс нь азотын исэлийг саармагжуулдаг нэмэлт төхөөрөмжтэй. Төсвийн мөнгөөр худалдан авсан гадны үйлдвэрийн автобуснууд ДООД ТАЛ Нь 12 жилийн настай. Өнөөдөр бид үндэсний үйлдвэрийн Эко- Автобуснуудаа хэрэглэхгүй юм бол шинээр 149.000 долароор худалдаж автобусуудаа хэрэглээд ахиад 12 жил утаатай амьдрах юм уу.

БОАЖЯ, Улаанбаатар хотын засаг захиргаа хэзээ мэргэжилтэн инженерүүдээ сонсох юм бэ. Хэзээ евро стандарт нэвтрүүлэх юм бэ. Хэвлэлийнхэнээрээ дамжуулж эдгээр асуултууддаа хариулт авмаар байна’’ гэлээ.

Экологи- Бус компани ерөнхий инженер Нямбаяр :

‘’Эко автобус үйлдвэрлээд тодорхой үр дүн үзүүлээд явж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч. Бид эрдэнэт үйлдвэр лүү бүтээгдэхүүний танилцуулга, өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн 5 удаагийн албан бичиг хүргүүлсэн.
Гэтэл манай үйлдвэрлэсэн автобусыг гадаад улсаас худалдан авалт хийж байгаа. Манай автобус чанар өрсөлдөхүйц хэмжээтэй, үнийн хувьд дотооддоо үйлдвэрлэсэн учир харьцангуй хямд байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй бүтээгдэхүүнийг үл тоож, шахааны бизнесийн зарчмаар явж байгаа энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна’’гэлээ.

Харин тус зөвлөлийн хуульч хэлэхдээ:

’Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 их наяд төгрөгийг төсвийн худалдан авалтад зарцуулсан. Эдгээр их наяд төгрөгийн зарцуулалт дунд үндэсний үйлдвэрийг дэмжсэн ямар ч худалдан авалт хийгдээгүй. Төсвийн худалдан авалтаар үргэлж гадны импортын бүтээгдэхүүн дэмжсэн байна.

Тендер зарлахгүйгээр өндөр үнэтэй гадны бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь маш олон хууль эрх зүйн байдлыг зөрчиж байна.

Чанар стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Засгийн Газар худалдан авалтаар дэмжих тухай хуулиудад заасан байдаг. Мөн ямар ямар бараа бүтээгдэхүүнүүдийг дотоодын үйлдвэрээс эхний ээлжинд авах вэ гэдэг ЗГ-ын 336 тогтоол дээр том оврын автобус , тролейбус гэж нэр заагдаж орсон байдаг.

МАН-ы мөрийн хөтөлбөрт дотоодын үйлдвэрээс 400 автобус худалдан авна гэсэн байдаг ч эрдэнэт үйлдвэр ЗГ-аас яагаад зөрүүтэй үйлдэл гаргаад байгаа юм бэ гэж асуумаар байна.

Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа эрдэнэт үйлдвэрийн захиргаатай бид хатуу тэмцэх болно.

Бид эхний ээлжинд мэдэгдэх хуудас хүргэсэн байгаа. Шүүхийн байгууллагад шилжүүлэх бодолтой байгаа. ‘’ гэлээ.

Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүн Батзаяа:

‘’Гадны компаниудад хөрөнгө оруулалт өгснөөр маш олон залуучууд ажил орлогогүй болж, харь орныг зорьж байна. Монголынхоо 950.000 гаруй залуучуудаа ажлын байртай болгох ёстой. Сандал ширээг өөрсдөө үйлдвэрлэж монголын цехүүдээсээ худалдан авч дотоодын үйлдвэрлэлээ үгүйсгэж гадны компанид хөрөнгө оруулдаг шахааны бизнесийн уламжлалаа орхих хэрэгтэй. Ганц энэ Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш, ерөөсөө бүх нийтээр үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, сандал ширээ, машин техник гээд үйлдвэрлэж чадах бүхнээ дотоодоосоо хангадаг байя.’’ хэмээв.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх