АНУ-ын бодлого Оросыг үзэн ядагчдын гарт орлоо

Америкийн Конгресс Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ баталсны хариуд Орос дахь АНУ-ын дипломат ажилтнууды тоог тэн хагас гаруйгаар цөөрүүлэх шийдвэрийг Москва гаргалаа. 

Төлөөлөгчдийн танхим болон Сенат дийлэнх олонхын саналаар хоригийг дэмжсэний дараа Кремль ийм алхам хийсэн байна. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсонд хууль тогтоогчдын зэвүүцлийн илэрхийлэл нь Конгрессоор батлагдсан хууль юм.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярихдаа Москвагийн шийдвэр нь “Оросын эсрэг хууль бус хориг, гүтгэлгийн чанартай буруутгал, манай дипломатуудыг гаргаж, дипломат өмч хөрөнгийг хураан авснааас үүдэлтэй” гэж тайлбарлажээ. Тэрбээр Москва хоёр талын харилцааг сайжруулахыг хичээсэн боловч сүүлийн үйл явдлуудаас үзэхэд АНУ-ын бодлого Оросыг үзэн ядагчдын гарт орж, Вашингтоныг сөргөлдөөний зам руу түлхэж байгааг онцлов.

Оросын эсрэг хууль бус хориг, гүтгэлгийн чанартай буруутгал, манай дипломатуудыг гаргаж, дипломат өмч хөрөнгийг хураан авснааас үүдэлтэй.

Оросын Гадаад хэргийн яам есдүгээр сарын 1-нээс өмнө АНУ-ын Москва дахь ЭСЯ болон Петербург, Екатеринбург, Владивосток дахь төлөөлөгчдийн газрын ажилтнуудынхаа тоог 455 болгон цөөрүүлж, АНУ дахь ОХУ-ын дипломатуудын тоотой тэнцүүлэхийг мэдэгдсэн юм.

Гэтэл Москва дахь ЭСЯ албадан гаргах тухай санамжийг хүлээн авснаа мэдэгдээд, сэргүүцэл илэрхийлэв. Түүнчлэн наймдугаар сарын 1-нээс Москва дахь АНУ-ын мэдэлд байсан агуулах ба зуны амралтын байрыг ашиглах эрхийг нь зогсоолоо. Эдгээр нь Обамагийн засаг захиргаа солигдохын өмнө авсан арга хэмжээтэй дүйж байгаа боловч Америкийн дипломатуудын тоо эрс танагдах аж.

Обамагийн засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр шинэ жилийн өмнөхөн Оросын 35 дипломатыг гаргаж, хоёр байрыг нь хаасан билээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тухайн үед нь хариу арга хэмжээ авахаас татгалзаж, шинэ Ерөнхийлөгчид үзүүлж буй сайн санааны алхам хэмээн мэдэгдэж байв. Москва дахь АНУ-ын ЭСЯ Орост хэдэн тооны дипломат болон бусад ажилтантайгаа хэлэхээс татгалзсан. Гэвч дипломатуудын ярьснаар ОХУ-д Америкийн 650 дипломат ажилладаг агаад дөрвөн газарт нийт ажиллагсдынх нь тоо мянгаас давах аж. Үүнд нь Оросын иргэдээс гадна захиргааны ба техникийн туслах ажилтнууд багтдаг тул дипломатуудыг хөндөхгүйгээр тэднийг халж болох юм. Америкийн дипломат асан хоёр хүний өнгөрсөн туршлагаас үзэхэд Вашингтон Москватай даруй хэлэлцээ хийж, хэдэн дипломат болон ямар хүмүүс гаргахаа ярилцаж эхэлнэ хэмээн тайлбарлав.

АНУ-ын тавьсан хоригийг хууль ёсоор Конгрессийн зөвшөөрөлгүйгээр зөөлрүүлэх боломжгүй болж байна. Харин ч эрчим хүч, батлан хамгаалах болон санхүүгийн салбарт нэмж хориг тавих үүдийг нээж өгчээ. Конгрессийн хоёр танхим дийлэнх олонхын саналаар баталсан тул Ерөнхийлөгч Трамп уг хуульд хориг тавиад ч нэмэргүй. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Кремлээс Трампын гарын үсгийг хүлээлгүй хариу арга хэмжээ авсныг мэдэгдэв. Тэрбээр Интерфакс агентлагт ярихдаа “Сенатаар баталсан хувилбар илүү ач холбогдолтой. Техникийн хувьд бараг эцсийн хувилбар. Цагаан ордон хуулийг зөөлрүүлэх алхам хийж чадна гэдэгт Оросын тал итгэхгүй байна. Юуг ч өөрчлөхгүй” хэмээн онцолжээ.

Макс Седдон, Катрин Хилле

Засгийн газрын мэдээ

эх сурвалж: www.bolod.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх