Трамп: ''Би Путинд баярласнаа хэлмээр байна''

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Москва дахь АНУ-ын элчингийн 755 ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ.

Оросын эсрэг Вашингтоны шинээр хэрэгжүүлсэн эдийн засгийн хоригийн хариуд тэр ийм арга хэмжээ авсан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг үйлдэлд баяртай байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт хэвлэлийнхэнд хэлжээ.

Амралтаа эдэлж байгаа Нью Жерсигийн Бэдминстер дэх гольфийн клубт мэдэгдэл хийхдээ Трамп “Би түүнд (Путинд) баярласнаа хэлмээр байна. Ингэснээр бид зардлаа хэмнэх боломжтой боллоо. Би хэрхэн цалингийн зардлаа танах тухай толгойгоо гашилгаж байсан юм. Маш их мөнгө хэмнэх боломж гарлаа” гэж ярьсан байна.

Путины авсан хариу арга хэмжээний дараа Трамп анх удаа энэ талаар ам нээж байгаа нь энэ юм. Конгрессийн санаачилсан Оросын эсрэг шинэ хоригийг батлахдаа ч Трамп “дургүй байгаа”-гаа илэрхийлж байв.

Тэрээр уг хоригт “үндсэн хуулийг зөрчсөн хэд хэдэн заалт” байгааг шүүмжлээд гэхдээ үндэсний эв нэгдлийн тусын тулд батлахаас өөр аргагүй байгаагаа хэлж байсан юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх