Махны үнэ тогтворжиж, гурилын үнэ өсчээ

 

Нийслэлийн баруун хэсэгт наадмын үеэр дэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний голомт одоо хүртэл хорио цээрийн дэглэмтэй хэвээр байна. Энэ байдлаас шалтгаалж, нийслэлийн баруун болон зүүн хэсэгт байрлах “Баянзүрх”, “Эмээлт” түүхий эдийн захад амьд мал худалдаалахгүй байх захирамжийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан. Тиймээс энэ шийдвэр одоо хүртэл хэвээр байгаа гэсэн үг. Гэвч яг одоогийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” төвөөр дамжуулан ченжүүд амьд хонь худалдсаар байгааг эх сурвалж хэлж байна. Тус зах дээр төлөг 80 мянга, эр болон эм хонь 100- 180 мянган төгрөгийн ханштай байгаа тухай ч өгүүлж байна.

Харин наадмаас өмнө тус зах дээр энгийн үед ойролцоогоор 40 орчим иргэн мала худалдаалдаг байсан бол өдгөө харьцангуй цөөрчээ. Тэгвэл хорио цээрийн талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар “Халдвар тархсан голомтод одоо хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байгаа. Тэнд дүүргийн Тамгын газар болон эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын хэлтэсийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Харин дүүргийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, мал мах худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гараагүй” гэв. Өнгөрсөн амралтын өдрийн байдлаар “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” худалдааны төвд хонины нэг кг /ястай/ мах 6500, үхрийн / ястай/ мах 7800 төгрөг, цул мах 8500 төгрөг, адууны /ястай/ мах 5200 төгрөг, ямааны /ястай/ мах 4800 төгрөгийн дундаж ханштай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа юм. Харин наадмын өмнөх үеэс бага хэмжээгээр махны үнэ буурчээ.

Үүнээс үзвэл махны үнэд өнгөрсөн зун нийслэлд дэгдсэн малын гоц халдварт өвчин нөлөөлөөгүй гэж дүгнэж болохоор байна. “Хүчит шонхор” худалдааны төвд худалдаа эрхэлдэг н.Дуламсүрэн” “Махны үнэ хоёр сар орчмын хугацаанд тогтвортой байгаа. Манай захад л гэхэд үдээс хойш үнэ бага зэрэг буурдаг. Түүнээс гадна туранхай, тарган малын махны үнэ харилцан адилгүй. Үүнээс шалтгаалж махны үнэ буурсан, өссөн гэж хүмүүс ярьдаг бололтой. Яг одоо үхрийн мах кг нь манай худалдааны төв дээр 7500 төгрөгөөс доош байна” гэж ярив.

Мөн тэрбээр “Саяхан нийслэлийн нутагт үхрийн шүлхий өвчин гараад, хорио цээр тогтоосон. Энэ үеэр үхрийн махны үнэ бага зэрэг өссөн. Би энд жижиглэн худалдаа эрхлээд 5-6 жил болж байна. Өглөө 05:00 цагт малчдаас арай хямдхан мах авах санаатай очихоор аль хэдийн ченжүүд шилээд авчихдаг болсон. Тэгэхээр бид ченжээс худалдаж авахаас өөр гарцгүй” гэв. Түүний хэлж буйгаар нийслэлийн хэмжээнд махны нийлүүлэлт одоогоор ховор байгаа аж. Гэвч хичээлийн шинэ жил эхлэх үетэй холбогдуулан нийлүүлэлт, худалдан авалт аль аль нь хэсэг хугацаанд хүндэрч магадгүй гэнэ. Учир нь, орон нутгаас оюутан суралцагчид зуны болон улирлын амралт дуусгаад ирэхдээ голдуу мах тээж ирдэг байна.

Үүнээс шалтгаалж худалдааны төвийн махны тасгаар үйлчлүүлдэг иргэдийн тоо харьцангуй цөөрдөг гэнэ. Тэгвэл нийслэлийн Статистикийн газраас сар бүр гаргадаг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний мэдээллээс харвал өнгөрсөн долоо хоногт хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5, үхрийн ястай махны үнэ 4.5, үхрийн цул махны үнэ 4.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.3 хувиар өмнөх долоо хоногоосоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин адууны махны үнэ 1.6 хувиар өссөн хэмээн дүгнэсэн байна.

 

ГУРИЛ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ

Мөн тус худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар гурилын үнэ бага зэрэг өсөөд байгаа аж. Тодруулбал, савласан гурилын үнэ кг тутамдаа дунджаар 50 төгрөгөөр нэмэгдээд байгааг “Хүчит шонхор” худалдааны төвийн худалдагч Т.Лхагвасүрэн ярив. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал гурилын үнэ өмнөх сартай харьцуулахад дээдийн дээд гурилын үнэ 3.9,савласан дээд гурил болон задгай нэгдүгээр зэргийн гурил 8.5, савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн гэж дүгнэсэн байна.

Тун саяхан ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдсэн. Түүний хэлж буйгаар энэ жил манай улс 170 мянган тонн улаанбуудай гаднаас авах хэдий ч гурил импортоор авахгүй аж. Харин нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны үнэ огцом өсөөд удаж байна. Одоогоор тус худалдааны төвүүдэд кг төмс 1000 төгрөгөөс дээш ханштай байгаа юм. Луувангийн үнэ л гэхэд кг нь 2000 төгрөг давжээ. Энэ нь одоогоос хоёр сарын өмнөхөөс даруй 110 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

 

 

Ингэж үнэ өссөн шалтгааныг худалдаачид янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь бүр “Ерөнхийлөгч хүнсний ногоог өмнөд хөршөөс оруулж ирэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотой” хэмээн үзэж буй. Хэдий тийм байлаа ч эх орондоо тариалсан хүнсний ногоог импортоор оруулж ирээд ашиг гаргадаг ногооноос өндөр үнээр худалдан авч идэх болсон нь иргэдэд таалагдахгүй байгаа бололтой. Харин “Сэлэнгийн ногоо”, “Шинэ ургац” гэх мэт хаяг байршуулан гудамжинд хүнсний ногоо худалдаалж буй тэвштэй машинуудын эзэд өөрийгөө ногоочин, тариаланч хэмээн танилцуулаад “Өнөө жил тариалангийн бүс нутгаар гандуу байгаа болохоор хортон шавж ихээр гарсан. Үүнийгээ дагаад ургацын чанар муудах, талбайг сүйтгэх зэрэг асуудал их байгаа. Тиймээс ингэж худалдахаас аргагүй” гэж байна. Ямартай ч нийслэлчүүд бид шинэ ургацын монгол төмсийг 1000-1100, байцааг 1000-1200, лууванг 2200, чинжүүг 3000, ногоон сонгиныг 2000, бөөрөнхий сонгиныг 1000- 1500 төгрөгөөр худалдаг авч зоог барихаар байгаа юм.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх