“ИСЛАМЫН УЛС” Испанид халдлага үйлдлээ

 

Испанийн Барселон хотын төвд фургон машинтай этгээд явган зорчигчдыг дайрснаас 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртлээ. Халдлага орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагт болсон ба эмгэнэлт явдлын дараа Испанийн Засгийн газар үндэсний гашуудлын гурав хоногийг зарлажээ. Испани улсын Ерөнхий сайд Мариано Рахой жуулчдын төв болох Рамбла гудамжинд гарсан хэрэг явдлыг террорист халдлага хэмээгээд, дэлхий нийт энэ балмад харгис үйлдэлд нь хариу өгөх ёстой гэв. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж эрх баригчид болгоомжилж байна. Хохирогчид дунд 18 орны иргэн байсныг Испанийн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсан юм.

Халдлагатай холбогдуулан Марокко болон Хойд Африк дахь Испанийн эзэмшлийн Мелилья хотын тус тус нэг иргэнийг баривчилсан байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, халдлага үйлдсэн нэг этгээдийг цагдаа нар газар дээр нь устгасан ба нэг нь зугатжээ. Энэхүү халдлага нь 2004 оноос хойш Испанид гарсан хамгийн харгис хэрцгий, олон хүний аминд хүрсэн халдлага юм. Испанийн хаан VI Филипп, Ерөнхий сайд Мариано Рахой болон олон мянган иргэн Барселон хотын төвд очиж эмгэнэл илэрхийлжээ. Иргэд осол гарсан өргөн чөлөөнд зул асааж, цэцэг өргөсөн бөгөөд Испанийн хөл бөмбөгийн лигийн тэмцээн эхлэхээс өмнө цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган үзэгч минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Халдлагын дараа тус улсын хууль сахиулагчид түргэн шуурхай ажиллаж байгааг орон нутгийн хэвлэлүүд тэмдэглэжээ. Эргүүл, тусгай, үндсэн бие бүрэлдэхүүний гээд цагдаагийн бүх л анги нэгтгэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрэг гарсан гудамж, дүүргийг бүсэлж, хотын төв дэх метроны буудлуудыг хаажээ. Үүрэн холбооны ачааллыг сааруулах зорилгоор эрх баригчид ард иргэдийг утсаар ярихыг хориглосон аж. Мөн хэргийн газрын гэрэл зураг авах, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тараахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч мэдээлэл түгээхдээ цензуртай байхыг сануулжээ. Барселонд болсон халдлагын дараа тус хотын дагуул Камбрильсд цагдаа нар тусгай ажиллагаа явуулж Барселонд халдлага үйлдсэн байж болзошгүй нэг этгээдийг баривчилжээ. Энэ үеэр террорист халдлага үйлдэхээр бэлтгээд байсан дөрвөн этгээдийг устгасан байна.

Испанийн агентлагуудын мэдээлснээр, тэд амиа золиослогчийн бүстэй байжээ.Эдгээр халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Вашингтоноор удирдуулсан улс орнуудын холбоонд цохилт өгөхийн тулд эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ тус бүлэглэлийн төлөөлөгч мэдэгджээ. Каталонийн эрх баригчид Камбрильс хотын иргэдэд хандан, цагдаагийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор шөнийн цагаар гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Цагдаагийн газар албан ёсны твиттер хуудсандаа энэ анхааруулгаа жиргэсэн байна. Түүнчлэн Барселоноос холгүй байрлах далайн эргийн Алканар хотод өнгөрсөн лхагва гарагт орон сууцны барилгад дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж, барилга бүхэлдээ нуржээ. Дэлбэрэлт болсон газраас пропан болон бутаны хийтэй баллонууд олдсон тухай хотын цагдаагийн газраас мэдээлсэн. Дэлбэрэлт Рамбла гудамжны халдлагатай холбоотой байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллага таамаглаж байна.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх