М.Жаргалмаа: Дотоодод сурагчийн дүрэмт хувцсыг стандартын дагуу үйлдвэрлэдэг

 

Боловсролын хуулийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2012 оноос хойш нэг загварын дүрэмт хувцас хэрэглэж ирсэн. Түүний дараа жилээс Засгийн газрын тогтоолоор дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж байхаар болсон ч сүүлийн жилүүдэд урд хөршөөс адил загвартай хувцсыг хямд үнээр олноор нийлүүлдэг болжээ.

 

Тиймээс импортын дүрэмт хувцсыг дотоодынхоос хэрхэн ялгаж, худалдаж авах талаар “Төмөр трейд” компанийн захирал М.Жаргалмаагаас тодрууллаа.

 

-Засгийн газрын 2013 оны тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс дотоодын үйлдвэрүүдэд ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихийн тулд улсын төсвөөс 23 тэрбум төгрөгийн зээл олгож байсан. Бас монгол хонины ноосыг Солонгост экспортолж, түүгээр даавуу үйлдвэрлүүлэн нийлүүлж байлаа. Түүнээс хойш манай зарим үйлдвэр дотооддоо ноосон даавуу үйлдвэрлэдэг болсон. Гэвч сурагчийн дүрэмт хувцасны импорт багасахгүй байгаа нь бидэнд хүндрэлтэй байна. Дотоодын үйлдвэрийн бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 40-60 мянгаар борлогдож байхад Хятадад үйлдвэрлэсэн хувцсыг 20-40 мянгаар санал болгож байгаа.

 

-Дотоодод үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг Хятадынхаас яаж ялгах вэ. Уг нь манай үйлдвэрийн бүтээгдэхүүн эдэлгээ сайтай байх шиг харагддаг?

-Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцаст ямар ч тэмдэглэгээ байхгүй, зөвхөн нэг тоо тавьсан байдаг. Гараар барихад хатуу дарайсан материалтай байгаа. Хаяг шошгогүйгээс гадна оёдол нь маш болхи, утасны үзүүр нь ил байх жишээтэй. Харин дотоодын үйлдвэрийнх хөвөн даавуу материалаар хийсэн учраас биед эвтэйхэн, зөөлөн байдаг. Мөн аль үйлдвэрт хийсэн шошго, угаах арчлах технологийг зургаар зааж өгсөн байгаа. Оёдол нь жигд байхаас гадна 2011 онд баталсан стандартын дагуу ноосон даавуугаар үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: www.unen.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх