Төлөвлөсөн ургацын 56.5 хувийг хангахуйц ургац хураах төлөв гарчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, 2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн буудай, 102,3 мянган тн төмс, 75,7 мянган тн хүнсний ногоо, 23,6 мянган тн тосны ургамал, 47,3 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт халалтын нөлөөгөөр үр тарианы 90,3 мянган га, үүнээс улаанбуудайн 77,7 мянган га талбайн ургац алдаж, 15,2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3, хэрэгцээд гурилынхаа 52,5, төмсний 74,5, хүнсний ногооны 44,6 хувийг хангахуйц ургац хураан авах төлөв гарчээ.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэж байна. 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх