“Бид сайд болохгүй”

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн мэдүүллээ. Учир нь, УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа аж.

Огцруулах бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Тэдний төлөөллөөс дараах байр суурийг авсан юм.

Ц.Гарамжав: Монгол төрийг цэвэрлэх цаг болсон

-Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй.

Ж.Энхбаяр: Надад албан тушаал сонин биш

-800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна.

Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг нам нь нам шиг явах цаг болсон. “Чингис”, “Самурай” бонд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё.

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болох байсан

-Ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд чадлаараа хичээсэн. Сонгуулийн үед чимээгүй байсан нөхдүүд сонгуулийн дараа юм яриад хэрэггүй. 65 суудалтай энэ том намын итгэл найдварыг М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж хариулах байсан. Томилгоон дээр алдсан. Тэр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулиа бодож Ерөнхий сайд болоогүй. Судалгаа хийгээд үзвэл иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэдгийг хэлж байна.

Монголбанк болон бонд, Хөгжлийн банктай холбоотой олон асуудалд нэг ч хүнд хариуцлага тооцоогүй.

Т.Аюурсайхан: Гишүүд энэ асуудлыг дэмжих байх

-Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Намайг сайд болох уу гэж асууж байна энэ бол одоо ярихад цаг хугацааны хувьд эртэднэ.

Эх  сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх