Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх үндэслэлээр У.Хүрэлсүхийг яллагдагчаар татжээ

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, амь насанд нь заналхийлэхээр оролдсон гэх асуудал нийгэмд дуулиан тариад байгаа билээ. Улмаар эл асуудалд Шадар сайдын зүгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хардаж буйгаа ажлын албаараа дамжуулан илэрхийлж, цаашид Ж.Эрдэнэбаттай ёс зүйн хувьд хамтран ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө холбогдох газарт хүргүүлээд  байгаа билээ.

Тэгвэл АТГ-аас өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж чагнаж мөрдүүлсэн, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх үндэслэлээр яллагдагчаар татах дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог,  "Уг асуудалд 9 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй.

Тодруулбал, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" гэв. 

Мөн төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хэргийн мөрдөлтийн явцын талаар,  ''Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийн гуравт зааснаар мөрдөн байцаалтанд байгаа хэргийг прокурийн зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлэл ёстой. Тиймээс нийтэд мэдээлэх зүйлс маань товчхон байна. Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай асуудлыг 2016 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн материалыг 2017 долдугаар сарын 25- ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт өнөөдөр ТЕГ, ЦЕГ, АТГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Уг бичлэгт нэр дурдагдсан иргэдийг байцаан шалгах ажил явагдаж байна.'' гэлээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх