ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Х.Баттулга нар Будапешт хотноо уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Владимир Путины хэлсэн үг:

“Ноён Ерөнхийлөгч өө! Тантай уулзах завшаан тохиолдсонд би баяртай байна. Бид таныг улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Танай Монголын жүдочдын энэ тэмцээнд гаргаж байгаа гарамгай амжилтанд баяр хүргэмээр байна.

Хоёр орны хамтын ажиллагааны талаар Владивостокт илүү дэлгэрэнгүй ярих боломж гарна гэдэгт найдаж байна. Таныг уг чуулганд оролцох гэж байгааг би мэднэ.

Гэхдээ манай хоорондын худалдааны чиг хандлага сайн байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа. Өнгөрсөн онд 20 хувиар унасан худалдаа 2017 оны эхний хагаст 34 хувиар өсөөд байна.

Улс төрөөс гадна эдийн засаг, соёлын харилцаа амжилттай хөгжиж байна. Манай Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж сайн ажиллаж, ачаа тээвэр нэмэгдэж байна. Тиймээс Владивостокт ярих зүйл бидэнд хангалттай их бий”

 

Уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн үг:

“Танд дахин энэ оройн мэндийг хүргэе!

Жүдогийн ДАШТ-ий онцгой сайхан үйл явдлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Учир нь бид хоёул жүдо бөхөд дуртай, сонирхдог хүмүүс. Энэ сонирхол маань бидний цаашдын хамтын ажиллагаанд нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Бид удахгүй Владивостокт албан ёсны уулзалт хийх гэж байгаа. Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль болоод хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна. Одоогийн бодит нөхцөл байдлыг бодолцон үзээд би хойд хөрштэйгээ харилцах хамтын ажиллагааг цаашид илүү хөгжүүлэх сонирхолтой байна.

Таны хэлсэнчлэн хоёр орны худалдаа нэмэгдэж байгаа. Бид 4,000 км үргэлжилсэн шугамаар хил залгадаг тул энэхүү худалдаанд хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, цаашид анхаарал тавих хэрэгтэй юм.

Бид бас хөрөнгө оруулалтыг сонирхож байна. Бидний хувьд төмөр зам чухал байгаа. Бидний 50:50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар Төмөр Зам хамтарсан компани бий”

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх