Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хариуцлагаа хүлээнэ гэв

Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар хадлан хадаж явсан гурван байлдагч усанд осолдож амиа алдсан хэргийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Тогтолцооны хувьд нийгэм сайн ойлгохгүй зүйлүүд байна. Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байх үеийнх шиг ойлголт нийгэмд байгаад байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэний хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон. Харин 2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгож өгсөн юм. Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субьектууд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан. Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтээ санал нэг байна. Энэ асуудлыг би УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, тодорхой асуудлыг гаргаж тавьж байсан. Тиймээс энэ салбарт ажил авсан цагаас хойш ямар нэг ажил алба асуудлыг нуухгүйгээр иргэний хяналтыг тавих үүргийн хүрээнд гаргаж  байгаа. ЗХЖШ-д ч ийм шаардлага тавьж байгаа.

Уржигдар орой Ховд аймгийн Зэвсэгт хүчний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээллийг надад өгсөн. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, өчигдөр өглөө 06.00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар явсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. ЗХЖШ-ын даргын мэдээлснээр дайчилгааны нөөцийг барьж байх ёстой. Энэ хүрээнд Ховд аймагт улсын дайчилгааны 2500 мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн алба хаагчид ажиллаж байсан юм байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл ирээгүй байна” хэмээгээд “Цэргүүд амь эрсэдсэн асуудалд сайд нь хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь ч байна. Та хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хариуцлага хүлээнэ. Бид бүх түвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх