Х.Баттулга: Бид Японы тамирчныг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байгаа Жүдо бөхийн ДАШТ-ий -57 кг-ийн жинд Рио 2016 Олимпийн наадмын мөнгөн медальт Д. Сумъяа өчигдөр Японы хүчтэй бөх, дэлхийн номер нэг жүдоч Ёшида Цукасаг ялж алтан медаль зүүсэн билээ.

Монгол Улсын ерөнхийлөгч, Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг барилдааныг дэвжээний дэргэдээс үзэж, бөхөө дэмжсэн байна.

Ингэснээрээ Д.Сумъяа нь Дэлхийн аварга цолыг хүртсэн Монгол улсын хоёр дахь эмэгтэй жүдоч, энэ удаагийн ДАШТ-ний анхны Япон бус аварга болж байгаа юм.

Барилдааны дараа Х.Баттулга хэвлэлд ярихдаа “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа. Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх