ТӨСЛИЙН НЭГЖ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ЭКО ДҮҮРЭГ” ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс аймаг, дүүрэг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөллийн болон хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэмжих тэтгэлгийг 2017 оны дөрөвдүгээр сард зарласан билээ.

 

“ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг-2017” сонгон шалгаруулалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 94 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 104 санал ирүүлснийг УИХ-ын Тамгын газар, хөндлөнгийн шинжээч, төслийн нэгжийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороо үнэлгээ хийж шилдэг 20 төслийг сонгон шалгаруулсан байна. 

 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Иргэдийн оролцоотой-Эко дүүрэг” сэдэвт төслөөр энэхүү сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төслийн нэгжид ажлаа танилцуулсан юм.

 

“Иргэдийн оролцоотой-Эко дүүрэг” төслийн багийг төлөөлж ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ИТХ-ын Төлөөлөгч, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, ИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, эрх зүйн хэлтсийн Эрх зүйч Г.Сарангэрэл нар энэхүү уулзалтад оролцсон бөгөөд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал, төслийн ажилтан Т.Чулуунцэцэг нар төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, харилцан санал солилцов.

“Иргэдийн оролцоотой-Эко дүүрэг” төслийн зорилго нь: Иргэдэд экологийн боловсрол олгох, байгаль орчин /ногоон бүс/-д аялж зугаалахдаа хог хаягдалгүй, гол усыг бохирдуулахгүй, байгалийг бохирдуулж буй иргэдэд хариуцлага тооцох, иргэдийн оролцоотой сайн дурын эргүүл, бүлгийг ажиллуулах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

Эх сурвалж: khan-uul.ub.khural.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх