Ц.Цогзолмаа: Багш нарт олгох урамшууллыг нэмэгдүүлэх замаар цалин орлогыг нь өсгөх боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг дэмжсэн байна.

Нэр дэвшигч Ц.Цогзолмаа 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер,  2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Багш, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар 1993-1995 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1995-1997 онд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бүлгийн ахлах удирдагч, 1999-2004 онд нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва,  Ц.Гарамжав, Д.Оюунхорол, С.Батболд, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, А.Сүхбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.



Нэр дэвшигч Ц.Цогзолмаа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах шаардлага тулгарч байгаад анхаарч ажил хэрэг болгоно. Ерөнхий боловсролын сургууль нь дуртай дарга, дуртай сургууль, багш нь дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг туршилтын талбар байж таарахгүй гэж үзэж байгаа. Иймээс сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, сурах бичгийг журамлах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ, боловсролын байгууллагад олгож байгаа хувьсах зардал, багшийн хүрэлцээ, чадавхид анхаарч, боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг сурах арилгах, хүүхдийн хэрэгцээ, системийн хоцрогдлын заагийг ойртуулахад анхаарч ажиллана.

Сайн багшаас сайн сурагч гэсэн зарчим барьж багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, дахин сургах асуудалд онцгойлон анхаарч тодорхой ахиц гаргана гэж бодож байгаа. Багш нарт олгох урамшууллыг нэмэгдүүлэх замаар цалин орлогыг нь өсгөх боломжтой, энэ чиглэлээр тооцоо судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах аюулгүй орчин, ном сурах бичгийн хүртээмж, сургалтын стандартыг сайжруулах асуудлыг газар дээр нь үзэж танилцаад нөхцөл байдлын судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг цогцоор нь шийднэ гэдгээ хэллээ. Мөн сургалтын зээлийн сангийн журмыг өөрчилнө, энэ зээлийг заавал арилжааны банкаар дамжуулах шаардлагатай эсэхийг судалж үзнэ. Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээ сургалтын чанар, стандартыг сайжруулах замаар цөөлөх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.   

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд саналаа хэлэх юм.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх