Уулчдыг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 14 хүний цогцсыг өчигдөр орой Улаанбаатарт хотод тээвэрлэн авчраад байна. Улмаар сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж цогцос таниулах арга хэмжээг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны талаар Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр орой сэтгүүлчдэд, "Нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдөр уг нь эрлийг амжуулж дуусгахаар төлөвлөсөн ч цаана нь гурван хүн үлдлээ. Маргааш эрлийг үргэлжлүүлнэ. 170 гаруй хүн ажиллаж байгаа учраас хоол хүнс, гэр орны асуудал гарч байгааг аймгийн Засаг дарга хариуцаж байна. Тэнд байгаа хүмүүс бүгд маш сайн ажиллаж байгаа. Тэнд ОБЕГ, ЦЕГ-ын дарга нар үлдсэн. Очсон хүчийг сайн зохион байгуулаад ажиллабал эндээс нэмэлт хүч явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Цогцоснуудыг уулнаас буулгаж байгаа. Аль болохоор түргэн хугацаанд Улаанбаатар хотод авчрах үүргийг өгсөн. 700 метрийн урттай, 150 метрийн өргөнтэй гулсалт үүсжээ. Гурав дахь баг буюу сүүлийн хэсгийн хүмүүс амьд үлдэж, буугаад ирсэн байгаа. Амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авчрах гэсэн боловч машинаараа хамтдаа буцна гэсэн. Бидний хойноос хөдөлсөн байх" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ.

Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх