Оффшор бүсийн жагсаалтад Швейцарь, Хонг Конг зэрэг 13 орныг нэмэх ёстой гэв

УИХ дахь “Оффшорын эсрэг бүлгэм”-ээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон зэрэг 13 гурван орныг оффшор бүсийн жагсаалтад Монгол Улс нэмэх ёстой гэдгийг онцоллоо.

Тэрбээр ярихдаа, “Оффшорын эсрэг хуулинд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Хууль батлагдсанаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан гэдэг мэдээллийг хийсэн. Гэвч тогтоолыг батлахдаа оффшор бүсийн жагсаалтыг батлаагүй.2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар оффшор бүсэд 49 улсыг хамруулсан байна. Хуулийн шаардлага дээр энэ жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан жагсаалт харгалзаж, Монголбанк, Сангийн яамны саналыг авч батлах ёстой. Олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэсэн 13 орныг энэ жагсаалтаас хассан байна.

Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг оффшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ. Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг жагсаалтад нэмэх шаардлагатай. Мөн Сингапур улсыг нэмэх ёстой.Үүнээс гадна жагсаалтыг гаргахдаа тоог нь олон болгох гээд оффшор гэж үзэх үндэслэлгүй 11 улсыг нэмсэн байна. Тийм учраас энэ улсуудыг жагсаалтаас хасах саналыг гаргаж байгаа юм” гэлээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх