ОУВС Засгийн газарт багш, эмчийн цалинг битгий нэмэгдүүл гэж зөвлөхгүй

Сүүлийн жилүүдэд нь Монгол улсын боловсролын салбарын ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд суралцагсадын боловсролын түвшинг нэмэгдүүлэхэд  багш нарын мэдлэг боловсролыг сайжруулах асуудал нийгэмд тулгамдаж байна. Бидний хүүхдүүд ирээдүйд өөрсдийн  эрхийг хамгаалах, сурч, боловсрох, хөгжихөд багшийн боловсрол хамгаас чухал.Түүнчлэн  тэднийг амьдралд бэлтгэх, нийгэм, цаг үедээ тохирсон бие хүн болж төлөвших суурийг тавьж буй багш нарын цалин хангалтгүй байгааг нийгэм даяар мэдэж ойлгож байгаа боловч дорвитой өөрчлөлт шинэчлэлт гарахгүй байсаар өнөөг хүрчээ.

Ийм учраас манай Багшдаа тусалъя эцэг эхчүүүдийн холбооны зүгээс багш нарын эрх ашгийг хамгаалахаар зохион байгуулагдсан 50000 гаруй мянган багш нар, Багшийн цалин нэмүүлэх түр хороотой хамтран ажиллаж тодорхой үр дүн гарч байна.

Засгийн газар байгуулагдаж  БСШУЯ-ны  сайдаар шинээр томилогдсон Ц.Цогзолмаа 3 хоногийн өмнө багш нарыг минь хүлээн авч уулзаад тэднийг цалин нэмүүлэх шаардлагыг хүлээн авч 2017 онд багтааж цалинг 30% нэмэх, 20%-ийг багш нарын цалингийн санд өөрчлөлт оруулахгүйгээр зардлын задаргаа дотор зохицуулалт хийх амлалт өгсөн юм.

Гэтэл нэг өдрийн дараа  л Сангийн сайд , НХХЯ сайд нар нь багш, эмчийн цалинг нэмэгдүүлэх боломжгүй харин 192000 төрийн албан хаагчдад 55,4 тэрбум төгрөг тараана, бодит орлого нэмэгдэнэ гээд байнгын хорооны хурал дээрээ санал оруулж дэмжигдээд байна. Багш нарын хувьд  их санасан газар есөн  шөнө хоосон хононо гэдэг шиг юм болоод явчихлаа.

Энэ Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг юм уу эсвэл салбарын сайд нар нь дур зоргоороо аашилж дуртай зүйлээ яриад явж байдаг юм уу гэж асуумаар байна. Нэг удаагийн 300000 төгрөгөөр  бидний бодит орлого өсөх үү, эсрэгээр өргөн хэрэглээний  өдөр тутмын барааны үнэ нэмэгдэнэ.

Ер нь ингэж бэлэн мөнгө тараах шаардлага байгаа юм уу?

Эдийн засгийн боломжтой, өргүй,зээлгүй, нийгмийн олонх нь чинээлэг дундаж орлого өндөр орон бол бэлэн мөнгө тарааж болох байх. Үнэхээр мөнгө нь ихдээд байгаа юм бол  төрийн албан хаагчид гэж хавтгайруулж  байхаар энэ их мөнгийг зөвхөн багш, ажилчид, эмч, бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдад  урамшуулал хэлбэрээр олгооч дээ.Үнэхээр харамсалтай байна.

Багш, эмч  ажиллагсадын  цалинг нэмэх боломж бололцоо эдийн засагт байгаа. Байгаа гэдэг нь дээр өгүүлсэн 55,4 тэрбумаас эхлээд 2017 оны төсвийн давсан орлого 900,0 гаруй тэрбум төгрөг, дарга нарын концессийн мөнгө гээд л үргэлжилнэ дээ.

ОУВС Засгийн газарт үргүй зардлаа багасга, тансаглалаа зогсоо, үр ашиггүй хөрөнгө оруулалт битгий хий, төсвийн зардлаа хяна, өндөр үнэтэй машин дарга нар битгий худалдан ав эхлээд гадаад, дотоод өр төлбөрийг барагдуул гэсэн болохоос бус багш, эмчийн цалинг битгий нэмэгдүүл гэж зөвлөхгүй шүү дээ. Ингэж ард түмний тархийг буруу угаах хэрэггүй баймаар юм.

Эцэг эхчүүд, багш сургууль хоорондын  уялдаа  холбоог сайжруулах, багшийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг үнэлэх тэдэнд туслах дэмжих чиглэлээр Багшдаа тусалья эцэг эхчүүдийн холбоо тууштай ажиллаж байгаа төдийгүй багшийн цалин нэмэгдүүлэх тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  төрд дуу хоолойгоо хүргэж ажилласаар байна.

Бид олон багш, эцэг эхчүүд хүүхдүүдтэй  уулзаж ярилцахад тэдний асууж тодруулж тавьж буй асуудлууд нь  тодорхой  хандлагын хувьд эрс өөрчлөгдсөн байна. Хүүхдүүд бэлэн зүйлийг бусдаас нэхэхгүй харин ч  шинэ мэдлэг, мэдээлэл олж авах,   оюунаа хөгжүүлэх, хүнлэг сэтгэл, зөв хүмүүжил төлөвшлийг  шаардаж байна.

Түүнчлэн гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагад шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамтдаа хөгжихийг  хүсч байна. Тэдэнд эцэг эхчүүдийн дэмжлэг оролцоо хамгаас чухал байгаа юм. Ийм учраас Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн мэдлэг боловсролыг сайжруулахад зайлшгүй  шаардлага  байгааг төр засаг, холбогдох яам анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна.

Хэдийгээр  өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал амаргүй байгаа ч гэсэн төсвийн болон мөнгөний  зөв бодлого  боловсруулан хэрэгжүүлж чадвал  Боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдах  хөрөнгө оруулалтыг нэмэх боломж бий. Боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ  ДНБ-ийн 5-6% зарцуулах нь хамгийн зохистой үзүүлэлт юм. Харамсалтай нь энэ харьцаа манайд алдагдаж  2017 оны байдлаар дөнгөж  4,2%  байна. Статистикийн хорооноос гаргасан мэдээлэлээс үзвэл, боловсролын салбарын цалин 2008 онд улсын дундажаас 5,5 хувиар их байсан бол 2016 онд улсын дундаж цалингаас 17,3 хувиар бага болж буурсан байна.

Иймд шийдвэр  гаргагчид багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх, амьдралд нь хүрэлцэхүйц  цалин хөлсийг шаардаж буй шаардлагыг дэмжиж  зөв зохистой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ нэг удаагийн бэлэн мөнгөөр багш эмч нарын тэмцлийг үгүйсгэх саармагжуулах шийдвэр гаргавал багш, эмч  эцэг эхчүүд, хүүхдүүд төрийн үйлчилгээний албан хаагчид , шударга ёсыг шаардаж буй олон мянган иргэд хамтдаа тэмцэх, шаардах  болно гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Багшдаа тусалья эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх