“Юун гуя, юун мах” гэдэг шиг түрүүлж дуугарсан Д.Дорлигжав Х.Тэмүүжинд ямар хариу барих бол?

Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.Тэрбээр ийм шийдвэр гаргахад улс оны эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал нөлөөлсөн гэсэн билээ. Тэгвэл  Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин  Д.Дорлигжавыг “Олон сая $-той хүн гэсэндээ, мөнгөлөг байна шүү!” хэмээн  твиттер хуудсаараа жирээд авлаа. Ер нь Х.Тэмүүжингийн тухайд Д.Дорлигжавын талаар  үе үе дуугарчихдаг нэгэн л дээ.

  Х.Тэмүүжин 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд  дөрвөн сая ам.доллартай холбоотой эзэн нэр нь тодорхойгүй баримтыг дэлгэсний араас Д.Дорлигжав өдөр тумын сонинуудад ярилцлага өгөхдөө  “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Надад ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж байсан бол нөгөөх Х.Тэмүүжин нь  “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг.

Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” гэхчлэн ярьсан байдаг.

Тэгвэл Х.Тэмүүжин энэ удаа Д.Дорлигжавыг олон сая доллартай хүн  гээд хэлчихлээ. Д.Дорлигжав харин ямар хариу өгөх бол гэдэг нь сонин.

Эх сурвалж: http://shuurhai.mn/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх