У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатын авлига авч томилсон бүх дарга нарыг халах болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, “Сайдыг нь ярьж байхад Ерөнхий сайд хүндэтгээд чуулганд сууж болохгүй юу” хэмээгээд  “З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн л дээ. Намайг нүүрсийг ингэж зарсан гэж гүтгэсэн. Би энэ асуудлыг нь цагдаад өгсөн. Та очиж мэдүүлэг өгөхгүй байгаа юм билээ. Очиж мэдүүлгээ өгөөрэй.  Харин Ч.Гансүх, Ч.Ганболд гээд яриад байна.  Энэ үнэн.  Солонгосын компанид лицензийг нь зарсан баримт байна.  Тус, тусынх нь данс руу 607 мянган ам.доллар орсон баримт байна.

Ерөнхий сайд өөрөө уул уурхай, лицензтэй холбоотой хүмүүсийг танхимдаа оруулахгүй гэж гүтгэж байгаад танхимдаа оруулаагүй.  Манай Ц.Нямдорж сайд шударга сайд. Яагаад дуугарахгүй байна вэ. Ч.Хүрэлбаатар сайд аа. Та яагаад ажлын хэсгийн гишүүд ээ “Дубайн гэрээг маш муу” гэхэд зугтаагаад гарын үсэг зураагүй юм бэ. Бид нэг том асуудал шийдсэн. Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авна гэсэн. Удирдах зөвлөл, УИХ-аар дэмжсэн асуудал. Гэтэл та Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцээд Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авахын эсрэг зогссон. Одоо энэ асуултад хариулт өг” хэмээсэн юм.

Мөн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хооронд гал ассан хэрүүл үүсэж, нэгийгээ казиночноор нь дуудалцаад авав.

Тодруулбал, Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо" гэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм... Ж.Мөнхбатын авлига авч томилсон бүх дарга нарыг халах болно. Төрийн хулгайч тонуулчдад гишгэх газаргүй болно шүү " хэмээн бухимдсанд Ж.Мөнхбат, “Чи Н.Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс идээгүй юу. Чи бас хулгайч юм уу...” хэмээн хариу үг чулуудав.

Харин энэ байдлыг УИХ-ын дарга М.Энхболд, “Ерөнхий сайд аа, Мөнхбат гишүүн ээ, та хоёр боль. УИХ-ын чуулганы танхимд ингэж болохгүй” гtэсэн шаардлага тавьж, алх цохисноор тэдний хэрүүлийг эцэс болгов.

Х.Онон

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх