Н.Цэрэнбат:Байгаль орчны салбар техник, технологийн дэвшлээс хоцрох ёсгүй

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай уулзлаа. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар сайдыг дагалдан явсан юм.

Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн захирал Л.Лхагвасүрэн, инженерүүдийн хамт байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлуудын талаар Н.Цэрэнбат сайдад танилцуулахдаа “1993 онд ЖАЙКА-ийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээс хойш ямар нэгэн байдлаар дахин шинэчлэл хийгээгүй, лабораторийн барилга хуучирч, шаардлага хангахгүй болсон зэрэг тулгамдсан асуудлууд байна. Тухайлбал, дэлхий дахинаа агаар, хөрс, усанд агуулагдаж буй элемэнтүүдэд юу агуулагдаж байгааг тэрбумны нэг нарийвчлалтай судалдаг болсон. Харин монголд ганц байдаг Байгаль орчин хэмжил зүйн лабораторид саяны нэг нарийвчлалтайгаар ердөө л ямар бодис агуулагдаж байгааг л тодорхойлж байна. Тиймээс бидэнд тоног төхөөрөмж болон ажлын байрны шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болчихвол аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны үнэлгээний шинжилгээг хийх замаар бид орлого олох боломж ч бүрдэнэ” хэмээж байлаа. Тус лаборатори нь агаар, ус, хөрсний шинжилгээг хийхээс гадна цаг уур, орчны шинжилгээний төхөөрөмжүүдийг засах үйл ажиллагааг давхар хариуцдаг, 35 ажилтан, албан хаагчтай. Эдгээр ажилтнууд нийслэлийн агаарын найрлагыг 30 минут тутамд шинэчилж, agаar.mn веб сайт болон аппликейшнд харуулдаг. Мөн туул голын усны шинжилгээг сар бүр хийдэг, орон нутгийн лабораториудаас ирүүлж буй дээжүүдэд шинжилгээ хийхээс гадна орон нутаг дахь 22 лабораторийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг тус газрын дарга С.Энхтүвшин мэргэжлийн хүмүүсийн хамт танилцуулсан. Тус байгууллага нь 316 суманд салбартай, 1880 ажилтан, албан хаагчтай БОАЖЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Гэсэн ч Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг онцгой обьект юм. Байгаль орчин хэмжил зүйн лабораторийг бодвол тоног төхөөрөмжийн шинэчлэлийг гадны төсөл, хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ойр ойрхон хийдэг учир материаллаг баазын хувьд асуудал харьцангуй бага. Дэлхийн цаг уурын байгууллагуудын гишүүн учир цаг уурын мэдээллүүдээ хиймэл дагуулаас үнэ төлбөргүй авдаг ч маш нарийвчлал бүхий мэдээллийг санхүүжилтийн асуудлаас болж авч чаддаггүй бэрхшээлтэй тулгардаг байна. Хэрэв 1-5 метр хүртэлх радиус доторх мэдээллийг хиймэл дагуулаас хүлээж авдаг болчихвол гал түймрийг асч эхэлсэн дариуд мэдэх боломжтой гэдгийг тус газрын инженер, техникийн ажилтнууд хэлж байлаа.

Үүнээс гадна тус газарт байгаль орчны мэдээллийн сангийн бааз төвлөрдөг бөгөөд БОАЖЯ-наас санг хөгжүүлэх төсөл, хөтөлбөртэй холбож өгөх замаар дэмжлэг үзүүлэн ажилладгыг энэ үеэр танилцуулсан. Байгаль орчны мэдээллийн сан руу дурын хүн нэвтэрч мэдээлэл авах боломжтой бөгөөд энэхүү мэдээллийн санг боловсронгуй болгох замаар салбар хоорондын уялдааг сайжруулж, цахимаар мэдээлэл солилцдог болгохоор төлөвлөн ажиллаж байгааг БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган танилцуулсан. Eic.mn сайтаар дамжуулан байгаль орчны мэдээллийн санд нэвтрэх боломжтой юм.

Байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажилтан, албан хаагч нартай уулзаж “Сайдын албыг аваад 10 гаруй хонож байна. Харьяа газруудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь оичж танилцан, тулгарч буй хүндрэл, асуудлыг нь шийдэх гарц эрэлхийллээ. Технологийн эрин зуунд байгаль орчны салбар дэвшлээс хоцрох ёсгүй. Үүнийг дагаад ажилтан, албан хаагчид маань ч мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх ёстой. Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг шуурхай, ил тод, үр дүнтэй байх ёстой гэдэг шаардлага тавьж ажиллаж байгаа. Тиймээс би асуудлыг шийдэхээр ажиллана. Та бүхэн маань хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх